Зул сарын баяр гэхээр гоёл чимэглэлээ зүүсэн гацуур мод, улаан оймс, улаан өндөг, нууц Санта зэрэг зүйл санаанд орно. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөгжилтэй, хөөрхөн зурагтай ноосон цамц зул сарын баярын соёлд нэвт шингэжээ. Улаан, цагаан, ногоон өнгөтэй, цасан хүн, цаа буга, таяган чихрийн зурагтай хөвсгөр, дулаахан ноосон цамцнууд шүү дээ. Гурван хэмжээст цацаг чимэглэл, жингэнэдэг хонх зэрэгтэй бол бүр л анхаарал татна.
Ийм цамц зарим хүнд мэдрэмжгүй, болхи, залхмаар харагддаг байж болох ч нэг л мэдэхэд гэрэл чимэглэл, бэлэг боодог цаас адил хаа сайгүй харагддаг, баярын чухал хэсэг болжээ.
Гэхдээ зул сарын цамц энэ өндөрлөгт хүрэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан байх юм.
Тодруулбал, зул сарын цамц анх 1950-иад онд гарчээ. Эхэндээ “Jingle Bell Sweaters” гэдэг нэртэй байсан ч өдгөө “Christmas ugly sweaters” гэдэг нэртэй болсон. Анх гарахдаа өнөөдрийнх шиг загварлаг байсангүй. Зул сарын баярын зах зээлд ч тэгтлээ алдаршиж чадаагүй. Тэр байтугай олон ч алдартан зул сарын ноосон цамцыг шүүмжилж байв.
Яг үнэндээ 1980-аад он хүртэл зул сарын ноосон цамц гавьсангүй. Тэгвэл баярын салшгүй соёл болоход нь нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байв? Поп хөгжим болон инээдмийн киноны ачаар зул сарын цамцны нэр хүнд харьцангуй өсчээ. Инээдмийн киноны дүрүүд зул сарын ноосон цамцыг тэнэгдүүхэн атлаа сэтгэл татам хувцас болгон өөрчилсөн юм.
Гэвч энэ сэргэлт удаан үргэлжлээгүй. 1990-ээд онд зул сарын ноосон цамц нь загварын мэдрэмжгүй эмээ, өвөө нар л хүүхдүүддээ бэлэглэдэг хувцас болж хувирчээ.
Шинэ мянганы эхэн үед залуус зул сарын ноосон цамц өмсөхийг “бүтэлгүйтэл”, “золгүй явдал” гэж бараг боддог болсон байв. 2001 онд дэлгэцнээ гарсан “Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл” киног бодоод үз л дээ. Уг кинон дээр Колин Ферт гэр бүлийн үдэшлэгт хүрэлцэн ирэхдээ цаа бугатай зул сарын цамц өмсөж ирдэг. Бриджиттэй уулзахаар ийн ирсэн боловч Бриджит харин ч түүнээс жийрхдэг. Хэрвээ та киног тухайн үед театрт үзсэн бол Бриджитийн адил жийрхэхийн зэрэгцээ шоолж инээсэн болов уу.
Гэхдээ бүх зүйл тийм ч буруугаар эргээгүй. “Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл” киноноос хойш зул сарын үдэшлэгүүдэд ноосон цамцаар гангарах тохиолдол мэр сэр гарах болов.
2002 онд Ванкуверт зул сарын ноосон цамцаар жигдэрсэн анхны үдэшлэг болжээ.
“UglyChristmasSweaterParty.com” гэх цахим дэлгүүрийн үүсгэн байгуулагч Брайан Миллер хэлэхдээ “Хүмүүс үзэл бодлоо өөрчлөхөд юу нөлөөлснийг хэлэхэд хэцүү. Гэхдээ хэн нэгэн хувцсыг инээдэмтэй байдлаар өмссөн тэр агшинд хүмүүс тухайн хүний инээдэмтэй талыг илүү олж харж эхэлсэн. Хэний ч хүсээгүй муухай талыг нь биш инээдэмтэй, эерэг талыг нь харж эхэлсэн” гэжээ. Эндээс л зул сарын ноосон цамц хүчийг авч эхлэв.
Ингээд дараагийн 10 жилийн хугацаанд зул сарын ноосон цамц нь энэ баярын шинэ бөгөөд салшгүй уламжлал болжээ.
Хурдан загвараар дагнадаг брэндүүдээр тогтохгүй тансаг зэрэглэлийн томоохон брэндүүд хүртэл баярын улиралд лангуугаа зул сарын гоёмсог загвартай цамцуудаар дүүргэж эхлэв. Брэндүүд зөвхөн зул сард зориулсан ноосон цамцны цуглуулгаа хүртэл танилцуулсан. Тухайлбал, “Stella McCartney” брэнд 2007 онд цагаан баавгайн сэдэвтэй ноосон цамцны цуглуулгаа танилцуулжээ. Улмаар “Givenchy”, “Dolce & Gabbana” брэндүүд энэ чиг хандлагыг түүчээлсэн юм.
2012 он зул сарын ноосон цамцны хувьд эргэлтийн цэг болсон. Их Британийн Хүүхдийг ивээх буяны байгууллага хамгийн хөгжилтэй зул сарын цамц өмсөхийг уриалсан арга хэмжээг эхлүүлжээ. “Telegraph”, “New York Times” зэрэг томоохон хэвлэлүүд хүртэл зул сарын ноосон цамыг энэ баярын заавал байх ёстой зүйл гэж тодорхойлсон.
Шинэ хандлагыг мэдээж алдартнууд үргэлжлүүлэх нь ойлгомжтой. Тейлор Свифт, Канье Уэст зэрэг алдартан зул сарын ноосон цамцыг өмсөж сурталчлав. Хөтлөгч Жимми Фэллон ч бас “Зул сарын цамцтай 12 өдөр” нэртэй сегмент эхлүүлсэн нь одоо ч үргэлжилсээр байна.
“Зул сарын цамцаар жигдэрдэг үдэшлэг анх зохиогдож эхлэхэд ингэтлээ газар авна гэж бодоогүй. Хүүхдүүд хүртэл сургууль дээрээ зул сарын хөгжилтэй цамцны уралдаан зохиож байна. Томчууд ч оффис дээрээ өмсөж ирэх болж. Ардчилсан байна шүү дээ. Хөгжилтэй ч байна. Амьдралын асар их стрессийг зул сарын инээдтэй цамцнууд багасгаж байна” гэж Брайан Миллер хэллээ.
Эх сурвалж: CNN