Ойрын саруудад Умард Солонгосын талаас Өмнөд Солонгосын эсрэг цэрэг зэвсгийн ажиллагаа зохион байгуулж болзошгүй байгааг АНУ-ын албаныхан анхааруулсан тухай Нью-Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ уг довтолгоо нь Солонгосын хойгт дайн дэгдээх хэмжээний эрсдэл учруулахгүй гэж үзэж байгаагаа албаны эх сурвалж тус сонинд ярьсан байна.
Умард Солонгосын дэглэм Өмнөд хөршөө хэл амаар байнга сүрдүүлж, заналхийлдэг. Гэхдээ сүүлийн үед Ким Жон Уны ярианы агуулга ширүүсэж, зэр зэвсгийн туршилтын давтамж нэмэгдээд байгаа.
Тухайлбал энэ долоо хоногт тус улс шинэ төрлийн стратегийн далавчит пуужин туршсанаа зарласан юм.
Ким Жон Ун энэ удаа ямар нэг өдөөн хатгасан ажиллагаа явуулах ч дайн дэгдээх хэмжээнд хүргэхгүй хязгаарлахаар тооцоолсон гэж АНУ-ын эх сурвалж үзэж байгаа юм байна.
Тухайлбал 2010 онд Умард Солонгосын арми Өмнөд Солонгосын хилийн Ёнпён арал руу их буугаар гал нээж, дөрвөн хүний амийг хөнөөсөнтэй ижил халдлага үйлдэж болзошгүй гэнэ. Тухайн үед Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хоёр алба хаагч амь үрэгдэж байжээ.
Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост парламентын ээлжит сонгууль, оны сүүлээр АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Дээрх үйл явдлуудыг угтуулан Умард Солонгосын дэглэм ямар нэг өдөөн хатгалга явуулж болзошгүй гэж Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба арванхоёрдугаар сард анхааруулж байжээ.
Ким Жон Ун саяхан зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзахдаа “онцгой тохиолдолд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг бүхэлд нь цохих хэмжээний дайнд бэлдэх” үүрэг өгч байв.
Мөн Өмнөд Солонгосыг номер нэг дайснаар тодорхойлох өөрчлөлтийг үндсэн хуульд тусгахыг парламентдаа уриалаад байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News