УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор УИХ 126 гишүүнтэй болох анхны сонгууль болж байна. 126 гишүүнийг бид сонгуулийн холимог тогтолцоогоор сонгох юм.
Иргэн та санал өгөх байранд очиход танд саналын 2 хуудас өгнө. Эхнийх нь тойргоос нэр дэвшигчийн нэрийг дугуйлах хуудас байна.
Харин хоёр дахь хуудаснаас та хүний нэр дугуйлахгүй. Зөвхөн дэмждэг нэг л нам, эвслийн нэрийг дугуйлна.
Өөрөөр хэлбэл нийт гишүүдийн 78-ыг нь тойрогт нэр дэвшигчдээс сонгоно. Үлдсэн 48-ыг нам, эвслүүдийн биднээс авсан дэмжлэгийг хувь тэнцүүлж, жагсаалтын эхэнд бичигдсэн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болно.
Энэхүү 48 суудлыг 100 хувь гэж тооцож бодохыг хувь тэнцүүлэх арга гэнэ.
Энэ жилийн сонгуульд оролцохоор 23 нам, 2 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн. Олон нам эвсэл байх тусмаа бидний санал олон нам, эвсэл рүү хуваагдана гэсэн үг. Нэг нам эсвэл эсвэл нийт сонгогчдын 100 хувийн дэмжлэгийг авах боломжгүй. Тэгсэн ч жагсаалтын 48 дүгээрт бичигдсэн нэр дэвшигч итгэл үнэмшлээр дүүрэн нэгэн юм гэж ярьцгааж байна.
УИХ-ын 48 суудлыг 100 хувь гэж тооцвол 2,08333333 хувь нь 1 суудал болно гэсэн үг. Тэгвэл энэ хувьд л хүрчихвэл нам бүр жагсаалтын эхэнд бичигдсэн нэр дэвшигчдийг парламентын гишүүн болгоно гэж ойлгохоор байгаа биз. Гэхдээ үгүй. Нам, эвслүүд босго оноог давах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл нам бол 4 хувийн, хоёр нам эвссэн бол 5 хувийн, гурав болон түүнээс олон нам эвссэн бол 7 хувийн босго дэмжлэгийг авснаар парламентын гишүүний суудалтай болох эрх нээгдэнэ гэсэн үг. Хэрэв босго давахгүй бол УИХ-д суудалгүй.
Энэ удаагийн сонгуульд гурван намын эвсэл байхгүй. Хоёр намаас бүрдсэн хоёр эвсэл бий.
Жишээ нь нэг нам нийт сонгогчдын 3 хувийн дэмжлэг авлаа гэе. Тэгвэл босго оноондоо хүрэхгүй. Тиймээс тэдний авсан 3 хувийн дэмжлэгийг бусад босго оноогоо давсан намуудад эн тэнцүү хуваарилна. Ингэснээр эцсийн дүн гарч, босго давсан нам, эвслүүд УИХ-д суудалтай болно.