Монгол Улс такси үйлчилгээний нэгдсэн стандарттай болох асуудлыг олон жил ярьж ирсэн. Тийм хэдий ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цэгцэлж, холбогдох хууль, журам баталж чадаагүй. Үүний улмаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, хаяж гээсэн эд зүйлээ буцаан олж авах боломжгүй болох гэх мэт хүндрэлтэй асуудал тулгардаг. Тухайлбал, 2018 оноос хойш таксины 3000 гаруй жолооч гэмт хэрэг үйлдсэнээс 130 гаруй нь хүний амь насанд халдсан хэрэгт яллагджээ. Харин хүн хүчин, хүчирхийллийн хэргээр ял шийтгэл авсан 70 орчим жолооч байна. Харин эд зүйлээ гээх, хаях явдлыг тоолж барашгүй. Эргээд “буух эзэн, буцах хаяггүй” эд хөрөнгөөрөө хохироод үлддэг.
Сүүлийн жилүүдэд хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэдийн тоо улам нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэнтэй холбоотой аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ “Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах замаар олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг хэлж байв.
Харин иргэдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа автомашинуудын тодорхой хувийг зөвшөөрөлгүй такси эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ үйлчилгээг зохицуулах санаа нь зөв, арга нь буруу байна гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Учир нь такси үйлчилгээгээр амжиргаагаа залгуулдаг иргэд олон бий. Тэднийг нийтэд нь харлуулж, гэмт хэрэг хийдэг мэтээр буруутгаж, торгохыг эсэргүүцэж байна гэсэн юм.
Зарим иргэд цалин хөлс ямар бага байгаа билээ, ажлынхаа хажуугаар машинтайгаа “халтуур” хийснийхээ төлөө таван сая төгрөгөөр торгуулна гэдэг утгагүй, амьдралгүй зохицуулалт гэж бухимдаж байлаа. Ядарсан ард иргэдээ торгож, шийтгэж байхаар арай өөр уян хатан зохицуулалт, арга хэмжээг авах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв.
ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД 3-10 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР ТӨЛНӨ
2024 оны нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн Түгжрэлийн тухай хуульд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал иргэнийг таван сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох заалтыг тусгаад буй. Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сарын 15-наас хэрэгжинэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Хотын даргын зөвлөх Ч.Батзориг “Такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгодог болно. Хэрэв зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүн, хуулийн этгэээдийг торгох зохицуулалт орж ирсэн.
Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол бэлтгэл ажлаа хангана. Такси үйлчилгээ эрхлэхэд 3-10 сая төгрөгийн төлбөр төлөх бөгөөд энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрнө.
Иргэдийн хувьд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэгдсэнээр тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээнд явах боломжтой. Үүнд, “UB CAB” такси үйлчилгээг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ компани такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй гэсэн үг. Үнэ тариф дээр хатуу үнэ тогтоохгүй. Одоогийн байдлаар энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 хүрэхгүй аж ахуйн нэгж бий” гэдгийг онцолж байсан юм.
Нийслэлд такси үйлчилгээний албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн “халтуурчдаар” үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн таксины тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо ч бий. Цөөнгүй иргэдийн амжиргаа залгуулдаг такси үйлчилгээг торгох бус бүртгэлжүүлж, албан ёсны болгох зохицуулалт хийе.