17 хоногийн дараа цагаан сарын шинийн нэгний өдөр тохионо. Цагаан сар бол бидний хувьд баяр гэхээсээ илүүтэй дэлхий дахины өнцгөөс харвал ондоошил, ёс уламжлал, түүх соёл. Харин энгийн ойлголтоор бол хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буйг бэлгэддэг. Үүнийг дагаад Монгол үндэстний дээл хувцас, тоглоом наадгай, идээ ундаа, уламжлал ахуй сэргэдэг.
Сэргэдэг гэж тодотгосон нь бид ахуйгаасаа тодорхой хэмжээнд алсарч, хүн амын талаас илүү хувь нь суурин иргэншлээр аж төрөх болсонтой холбоотой. Учир нь суурин иргэншлийн нөлөөгөөр нүүдэлчдийн амьдралын ахуй байдал тодорхой хэмжээнд эвдэгдэж буй. Харин цагаан сар, наадам зэрэг үндэсний онцлогийг бүхлээр нь шингээсэн энэ баярын өдрүүд бидэнд байснаараа монгол хүн болж төрсний сайн, сайхныг мэдрүүлдэг.
Харин сүүлийн жилүүдэд цагаан сарын өмнө айл өрхүүдийн тавгийн идээ, бэлэг сэлт, ууц шүүс рүү хэн дуртай нь өнгийж өөрийн үзэл бодлоо тулгах үзэгдэл нийтлэг болсон. Угтаа бол жилд ганц тохиох цагаан сарынхаа баяраар монгол айл идээгээ ямар байдлаар засах, мах шүүсээ хэрхэн бэлтгэх, ширээгээ яаж засах, ямар бэлэг өгөх вэ гэдэг нь хэнд ч хамаагүй асуудал. Өөрөөр хэлбэл, үүнд шууд болон шууд бусаар оролцож, нөлөөлөх гэсэн хүмүүсийн эл үйлдэл ч илүүц.
Гол учир нь баярынхаа бэлгэдэл ёсыг гүйцээж ахмад буурлууд, аав ээж, ураг төрөл, хүүхэд нялхсаараа тохой зөрүүлэн золгож, муу бүхнийг цээрлэж, идээ удаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэх уламжлал. Өөрөөр бүгд адилхан тансаг, эсвэл байдаг л энгийн байх ёстой гэвэл уламжлалаа мушгиж байгаа хэрэг болно. Тиймээс өнгө үзэмж болоод харагдах байдалд биш уг баярынхаа мөн чанарыг илүүтэй ойлгодог, түүндээ ач холбогдол өгдөг байгаасай.