Хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд төрийн бүх шатанд, дээрээс нь иргэд, аж ахуй нэгж гээд монголчууд нийтээрээ энэ олон хууль, тогтоомж, шийдвэр хаана яг бодит амьдрал дээр хэрэгжиж байна, хаана хэрэгжихгүй хуулийн давхардал, хийдэл үүсээд байна вэ гэдэгт дорвитойхон дүгнэлт хийж, өөрчлөх ёстойг сануулсан харамсалтай үйл явдлууд өдөр бүр гарч байна.
Хамгийн сүүлд гэхэд газ тээврлэж явсан автомашин дэлбэрснээс үүдэж дөрвөн хүний алтан амь, олон айл орох оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохиров. Энэ ослоос газ тээвэрлэж явсан компанийн жолооч стандартаа барьсан уу, замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасан хоёр машин замын хөдөлгөөний дүрмээ биелүүлсэн үү, аврагч нар газ болон шатах дэлбэрэх нөхцөлд ажиллахдаа ямар хувцас, техник хэрэгсэлтэй байх ёстой байсан, галд өртсөн орон сууцыг барьсан материал нь галын хамгаалалтыг сахисан, стандарт шаардлагын дагуу баригдсан уу, улсын комисс хүлээж авахдаа энэ бүхнийг нь шалгасан уу, зам нь стандартын шаардлага хангасан, олон улсын стандартаар баригдсан байсан уу….
Ийм олон асуултгүй хариулттай бид энэ хатуу өдрүүдийг туулж байна. Яг хаана нь ямар стандарт, норм алдагдав, хэнэггүй монгол зангийн гай юу эсвэл хэн нэг нь хаа нэгтээ стандарт норм, дүрэм журам алдсан уу, зөрчсөн үү.
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 880 хуулийг УИХ-аар баталж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль бүрийг дагаж тогтоол, журам батлагдана. Хаана, хэнд чиглэсэн, ямар харилцааг зохицуулж байгаагаас шалтгаалж хэдэн журам, дүрэм, стандарт, норм батлагдах вэ гээд хөвөрч өгнө.
Монгол Улсын хуулийн сангийн бүртгэлд бүртгэгдсэнээр,
- Монгол Улсын хууль-880
- Монгол Улсын их хурлын тогтоол-2284
- Засгийн газрын тогтоол-5187
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг-216
- Стандарт хэмжил зүйн газарт-6624 /2024.01.17-ны байдлаар/ гээд энэ тоо төрийн захиргааны нэгж бүрээр дамжин гарч, иргэд, аж ахуй нэгжийн харилцааг зохицуулж буй.
Ийн төрөөс баталсан хууль, дүрэм журам амьдралд өдөр тутам мөрдөгдөж, мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтийг хянаж, зөрчсөнийг нь торгодог маш энгийн дүрэм бидний өдөрт тутамд үйлчилж буй. Гэхдээ өнөөдөр УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт, амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байгаа, алдаа оноо нь юу байна, хуулийн хэрэгжилт ямар байна гэдэгт нэг ч удаа Монголын парламент дүгнэлт хийж байсангүй. 880 гэдэг бол бага тоо биш. Зөвхөн баталсан хууль тогтоомж. Энэ хэмжээний хуулийг дагаад маш олон тогтоол, дүрэм, журам батлагдаж байж хууль амьдрал дээр хэрэгждэг. Хууль амьдралд хэрэгжиж байгаа эсэх парламентад хамааралгүй боловч баталсан хуулийнх нь заалт нэг бүр иргэн, аж ахуй нэгж, нийгмийн амьдралыг шийдэж байгаа учраас баталсан хуулиудаа эргэж харах, үйлчлэл, давхардалд нэг шалгалт хийх, хяналт тавих цаг болсон мэт.
Угтаа Үндсэн хуулийн 25.1.8 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүрэгтэй. Үүнийг нь ч хуульчилсан.
Мөн УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгаснаар “Хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө” гэсэн заалт бий.
- 2.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулна.
- 2.1.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны өнөөгийн арга хэлбэр, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чадавхыг сайжруулах.
- 2.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж чадавхжуулах.
Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд Г.Занданшатар даргатай парламент хуулийг анхнаас нь сайтар тооцоо судалгаатай, эрх зүйн орчноо төлөвшүүлэх зорилгоор хууль тогтоох үйл явцыг боловсронгүй болгож, ард түмний хүсэл зориг, эрх ашгийг хангахад чиглүүлж оролцоог нэмэгдүүлсэн хууль эрх зүйн орчныг бий болгохын тулд хуулийг батлах УИХ-ын дэгт өөрчлөлт оруулах зэргээр чанаржуулах ажлыг хууль батлах явцдаа тусгасан байж болох ч эсрэгээрээ хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үүргээ хэр зэрэг биелүүлсэн бэ гэдгийг ирэх сонгуулиар очиход нь сонгогчид нь асуух эрхтэй бас үүрэгтэй.
Ерөөс иргэд нь ч, аж ахуй нэгж нь ч , төр нь ч хууль тогтоомж, түүнийг дагаж гаргаж буй дүрэм, журам, тогтоол шийдвэрийг биелүүлдэг, мөрддөг байх ёстойг хэдхэн хоногийн өмнө дөрвөн хүний амь авч одсон аймшигтай осол байлаа. Харин төр нь баталсан хууль тогтоомжийнхоо араас хянадаг, хуулийн давхардал, хийдлээ арилгаж, чанд мөрдүүлэхийн тулд хянадаг, шалгадаг, нягталдаг болцгооё.