Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог билээ.
Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хааж, зургаадугаар сарын 29-ний өдөр нээх талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноосноос мэдээллээ.
Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс “Хэтэрхий эрт байна. Сонгуулиас болоод хаягийн шилжилтээ хийлгүүлж болохгүй байна. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал цэгцрэхгүй байна” гэсэн гомдлууд ихээр гардаг байсан учир 60 хоногийн өмнө болгож өөрчилсөн байна.
Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг аж.
Хуулийн заалт:
25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.