Итали улс нутаг дэвсгэрт нь ирсэн цагаачдыг Албани улсын нутаг дэвсгэрт шилжүүлдэг болох гэрээ байгуулагдахад нэг алхам ойртжээ.
Өчигдөр Албани улсын үндсэн хуулийн шүүх уг гэрээг дэмжсэн шийдвэр гаргасан байна.
Одоо парламентаар батлагдах үлдэж байна. Гэхдээ гэрээг санаачилсан Албанийн ерөнхий сайд Эди Рамагийн нам парламентад олонх болдог тул дэмжигдэх магадлал өндөр юм.
Гэрээний дагуу Итали улс Албани улсын баруун хойд боомтод цагаачдад зориулсан хоёр том төв байгуулах ба өөрийн нутаг дэвсгэрт ирсэн цагаачдыг тэнд шилжүүлэн байрлуулах ажээ.
Сар бүр 3,000, жилд 36,000 цагаачийг Албани руу шилжүүлж байхаар тохиролцсон байна. Эдгээр төвүүдэд ирсэн хүмүүсийн цагаачлах хүсэлтийг нягтлан шалгаж, Итали руу нэвтрүүлэх, эсвэл буцаах арга хэмжээ авдаг болно. Өөрөөр хэлбэл Италид цагаачлах асуудлыг өөр улсын нутагт шийддэг болох гэж байна.
Төвүүдийн үйл ажиллагааг Итали улс санхүүжүүлж, Итали улсын хууль дүрэм үйлчлэх ажээ.
Албанийн тал харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэнэ.
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Албанийн ерөнхий сайд Эди Рама нар гэрээний төслийг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард танилцуулж байжээ.
Дараа нь Албанийн сөрөг хүчин гэрээг эсэргүүцэж, хориг тавиулахаар үндсэн хуулийн шүүхдээ хандсан юм. Харин Даваа гарагт үндсэн хуулийн шүүх гэрээг дэмжсэн шийдвэр гаргажээ.
Италийн эрх баригчдын энэ шийдэл олон улсын хэмжээнд ч нэлээд маргаан дагуулж байгаа. НҮБ-ын хүний эрхийн комиссар Волкер Турк дүрвэгчдийг Албани руу шилжүүлэхэд хүний эрх зөрчигдөж болзошгүйд санаа зовж байгаагаа өнгөрсөн долоо хоногт Италийн сенатад илэрхийлж байв.
2023 онд Италид 155,000 дүрвэгч ирсэн нь өмнөх оноосоо 52,000-аар өссөн үзүүлэлт болсон.
2022 оны есдүгээр сард хууль бус дүрвэгчдийн асуудлыг цэгцлэх мөрийн хөтөлбөртэй сонгогдсон барууны Италийн Ахан дүүс намын тэргүүн Жоржиа Мелони ийнхүү амлалтаа биелүүлэх алхам хийж байна.
Эх сурвалж: BBC