Йемений эргээс Хусит босогчдын харвасан далавчит пуужин АНУ-ын эзэмшлийн чингэлэг тээврийн хөлгийг оносон тухай Пентагон өчигдөр мэдээлжээ.
Гэхдээ “Gibraltar Eagle” нэртэй уг хөлөгт ноцтой гэмтэл учраагүй, хүний амь эрстээгүйг Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн командлалын төв мэдээлсэн байна.
Маршаллын арлуудын далбаан дор ажилладаг хөлөг энэ үед Адены буланд аялж байжээ.
Ираны дэмжлэгтэй Хусит босогчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Хамасын эсрэг явуулж буй Израилийн дайныг эсэргүүцэх зорилгоор Улаан тэнгисээр зорчиж буй ачаа тээврийн хөлгүүдэд довтлох болсон.
“Eagle Bulk Shipping” компани гангийн бүтээгдэхүүн ачсан хөлөг нь Адены буланд эргээс 160 км зайтай аялж байхдаа пуужингийн цохилтод өртсөнийг мэдээлсэн байна.
Бага зэргийн гэмтэл авсан хөлөг аяллаа хэвийн үргэлжлүүлж буйг бас мэдэгдэлдээ дурджээ.
Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө Улаан тэнгис дэх АНУ-ын байлдааны хөлөг рүү Хуситууд бас нэг пуужин харвасныг сөнөөгч онгоцноос амдан устгасан байна.
Хуситууд Израильтай холбоотой, Израилийн боомтуудыг чиглэсэн ачааны хөлгүүдийг түүвэрлэн цохилт өгч байгаа гэж ярьдаг.
Гэхдээ “Gibraltar Eagle” хөлөг нь Израиль улстай ямар ч хамааралгүй юм байна.
Дэлхийн ачаа тээврийн гол зам Улаан тэнгис Йемений босогчдын халдлагад өртөх болсон нь олон улсын эдийн засагт хүндрэл учруулах эрсдэл үүсгэж байгаа.
Даваа гарагт дэлхийн хоёр дахь том газрын тосны компани QatarEnergy үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаан тэнгисийн тээвэрлэлтээ түр зогсоох шийдвэр зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британийн зэвсэгт хүчин Йемен дэх Хусит босогчдын пуужин харвах байгууламжуудад агаараас довтолсон юм.
Энэ ажиллагааны үеэр 13 пуужингийн байгууламжийг устгаснаа Их Британийн ерөнхий сайд Риши Сунак өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын тагнуулын алба энэ ажиллагааны үр дүнд Хуситуудын пуужингийн зэвсэглэлийн дөрөвний нэг нь устгагдсан гэж мэдээлсэн юм.
Даваа гарагт Хуситын албаны эх сурвалж Израильтай холбоотой хөлгүүдэд үргэлжлүүлэн довтлохоо амласан байна. Хуситуудын пуужингийн нөөцийг Ираны дэглэм бүрдүүлдэг гэж АНУ буруутгадаг ч Тегераны эрх баригчид үүнийг няцаадаг юм.
Эх сурвалж: BBC