БНСУ-д зохион байгуулагдаж буй “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын тэмцээн уралдаан биатлоны төрлөөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т явагдаж, 37 орны 99 тамирчин онч, хурдаа сорив.
Уралдаанд Чехийн И.Плехакова 37:03.4 минутын амжилтаар түрүүлж, Германы М.Кеудел (+1:09.7), Италийн К.Мариотти (+1:19.6) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Энэ төрөлд Монголын гурван тамирчин өрсөлдсөн.
Улсын аваргын алт, мөнгөн медальт Х.Эрдэнэтунгалаг тэргүүлэгчээс 15:11 минут хоцрон 86-р байр эзэлсэн бол Д.Нямсүрэн 90 (+18:17), О.Оюуцолмон 94-р байр (+23:30) тус тус эзэллээ.
Харин эрэгтэйчүүдийн хувийн 12.5 км-ийн уралдаанд 36 орны 100 тамирчин уралдаж буйн дотор Монголын Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа нар байгаа юм.
Олимпод 74 орны 1,950 тамирчин оролцож байна.
Уулын цанын төрлөөр монголчууд анх удаа өвлийн олимпод оролцож байгаа бөгөөд М.Манлайжав, Х.Халиун нар өрсөлдөх юм.
Энэ сарын 19-нд болсон “Канвон-2024” олимпын нээлтийн ёслолд Монголын тугчин дээлээр гангарсан бол тамирчид ноолууран хувцсаар ижилсэв.
Эх сурвалж: МҮОХ