Озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр/2023.12.25/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа ирэх оны нэгдүгээр сарын 14-ний өдөр эхлэх Хацү башёд түрүүлж, ёкозүна цол хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Өдгөө 27 настай тэрбээр энэ оны сүүлийн башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлснээр мэргэжлийн сүмогийн дээд зиндааны хоёр дахь түрүүгээ хүртэж, ёкозүна цолонд тун ойртоод байгаа билээ.
Киришима Б.Лхагвасүрэн “Би сүмогийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш зорилго тавин өдий зэрэгт хүрсэн. Би эцсийн зорилгоо биелүүлэхэд тун ойрхон ирлээ. Би эхний оролдлого дээрээ боломжоо ашиглахыг хүсч байна” гэв.
Түүний дэвжээний багш Мичинокү ирэх оны дөрөвдүгээр сард зодог тайлах бөгөөд багшийгаа явахаас өмнө ёкозүна цол хүртэх хүсэлтэй аж. Энэ талаар тэрбээр “Би багшийнхаа зөвлөсний дагуу л барилдах болно. Би Токиогийн башёд түрүүлж үзээгүй учир одоо түрүүлж, дэвжээнийхээ урд баярын жагсаал хиймээр байна” гэжээ.