Аргентины нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн “Интер Майами” баг аялан тоглолт хийж буй. Гэвч өнгөрсөн ням гарагт Хонконгийн бүх ододтой хийх нөхөрсөг тоглолтод Л.Месси талбайд гараагүйд хөгжөөн дэмжигчид нь бухимджээ.
Хонконгийн төв цэнгэлдэхэд цугларсан 40 мянган фанатууд “Интер Майами”-гийн гол довтлогчийг талбайд гараагүйд дургүйцэж тасалбараа буцаахыг шаардсан аж.
Мессигүй талбайд гарсан “Интер Майами” талбайн эзэн баг болох Хонконгийн бүх оддыг 4:1-ээр илүүрхсэн юм
Майамигийн багтай шинээр гэрээ байгуулсан уругвай довтлогч Луис Суарес ч уг тоглолтод талбайд гараагүй. Харин Жорди Альба, Серхио Бускетс нар хоёрдугаар хагаст сэлгээгээр орж ирсэн юм.
Үзэгчид хоёрдугаар хагасаас эхэлж Мессиг талбайд гарахыг шаардаж байсан бол сүүлийн 20 минутаас эгдүүцэж байгаагаа илэрхийлэн тасалбараа буцаахыг шаардсан юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр тус тоглолтын тасалбарыг 113-аас 624 “ногоон”-оор борлуулсан юм.
Майамигийн дасгалжуулагч Жеррардо “Тата” Мартино энэ талаар “Тэднийг тоглуулахгүй гэх шийдвэрийг эмнэлгийн баг гаргасан. Хөгжөөн дэмжигчдийг бухимдаж байгааг ойлгож байгаа ч бэртэл бол спортын нэг хэсэг” гэж ярьжээ.
Бухимдсан үзэгчид “Интер Майами”-гийн тоглогчид байрлаж буй зочид буудлын гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Алдарт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан тус баг энэ долоо хоногт Японд очиж “Виссель Кобэ” багтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Эх сурвалж: CNN