УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2024.01.16/ хуралдсан. Хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг зэмлэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ “УИХ-ын гишүүн гэдэг бол дарга хийх ажил биш. Бүгдийг нь загнаж, бүхнийг мэднэ, бүгдийг томилно, бүгдэд хариуцлага тооцно. Миний үгэнд орсон улсууд нь ёс зүйтэй, миний үгэнд ороогүй нь ёс зүйгүй гэдэг ийм авир УИХ-ын гишүүнээс гарч хэрхэвч болохгүй.Залуу гишүүний хувьд өөрт чинь захья. Ярьвал олон юм ярьж болно. Надад үг хэлэх бүрэн эрх байгаа. Тойргийн ганц нэг асуудлаас болж үл ойлголцож, бүхэл бүтэн салбарыг харлуулах гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй шүү. Өнөөдөр ёс зүйтэй олон зуун мянган багш бий. Боловсролын салбарынхныг бүгдийг нь ёс зүйгүй болчихлоо гэж дайрч байгаа бол харин би өмөөрнө. Хэний ч өмнө өмөөрнө.
Яамныхныгаа ч өмөөрнө. Ёс зүйн журам батлагдаагүй гэж юу яриад байгаа юм бэ. Ёс зүйн журамгүй байгууллага гэж хаана байдаг юм бэ. Бид 2022, 2023 оны ёс зүйн жил болгож, салбарынхаа хэмжээнд зарласан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрийнхөө үл ойлголцлоос болсон зүйлийг дөвийлгөж, бүхэл бүтэн нойр хоолгүй зүтгэж байгаа салбарыг үнэгүйдүүлэх гэж байгаа бол явууртай асуудал биш шүү. Бид дахиад хэлье. УИХ-ын гишүүн дарга биш, ард түмний зарц, төлөөлөл. Ард түмэн тойргийг төлөөл гэж сонгосноос биш дарга болоорой гэж сонгоогүй шүү. Энэ үгийг хатуу хэлье. Албан бичгийн хариуг бүтэн уншиж сур” гэж зэмлэв.