Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сард “МАК цемент” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэн 5.3 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Уг шийтгэлийг “МАК цемент” ХХК эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар “МАК цемент” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр дээрх торгууль хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ногдуулсан 5.3 тэрбум төгрөгийн торгуулийг “МАК цемент” ХХК энэ сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдууллаа.