Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч эхэлсэн. Улмаар уг махыг Иран руу экспортлох ажил өрнөж байгаа юм.
Тухайн компаниуд орон даяар 26 цэгт хонь, хонины мах борлуулах хүсэлтэй иргэдээс шаардлага хангасан хонины махыг кг-ыг нь 8500 төгрөгөөр үнэлэн авч буй. Мах бэлтгэгч ААН-үүд өдөрт дунджаар 500-1000 хонь хүлээн авч ажиллах хүчин чадалтай ажиллаж байгаа.
Гэвч малчдыг цагийн зутрууг хохирол багатай даван туулуулах зорилготой уг төсөлд ААН-үүд хохиролтой даван туулахаар нөхцөл байдал үүсчээ.
Учир нь хонины мах шаардлага хангахгүй, чанар муутай тэр тусмаа төвийн бүсээр 14-15 кг-тай гулууз гарч байгаа учраас буцааж байгаа гэнэ. Малчид өөрсдөө 18-20 кг гарна хэмээн авч ирж байгаа ч нядлахаар шаардлага хангахгүй байгаа нь бизнесмэнүүдэд хүндээр тусч байгаа аж.