Д.Амарбаясгалан: Малчин өрх авсан зээлээрээ машин авч унахгүй
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Удирдлагын академид өнөөдөр болсон “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцов. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж хоршооны гишүүн-малчин хэрхэн зээл авч болох талаар тодорхой тайлбарлав. Тэрээр: “Энэ бол малчин өрхөд өгч буй зээл биш. Хоршооны гишүүн-малчны зээл гэсэн нэршилтэй юм. Хөрөнгө оруулалтын зээл гэх нэртэй. Энэ зээлийг аваад машин авч унахгүй, дэлгүүр хэсэхгүй. Арилжааны банкууд зээлийг шууд хөрөнгө оруулалтын зориулалтаар бэлэн бусаар гаргана гэсэн үг. Зээлийн хүү 6 хувьтай байх юм. Засгийн газраас 12-13 хувийн хүүгийн татаасыг жил бүр өгнө. Хугацаа нь 36 сар байна. Хугацааг арилжааны банк, Монголбанктай ярьж байгаад Ерөнхий сайд 3-5 жилийн хугацаатай болгох боломжтой. Зээлийн дээд хэмжээ нь 50 хүртэлх сая төгрөг байх юм. Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж 80-100 хувийн баталгаагаар гаргана гэсэн үг. Өнөөдөр 200 толгой малтай айл арилжааны банкнаас 2 сая төгрөгийн зээлийг жилийн 20-24 хувийн хүүтэй авч байна. Харин энэ хөтөлбөрөөр Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтаар 200 толгой малтай малчин өрх 20-30 сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын зорилгоор авах боломжийг нээж өгч байгаа гэв.