УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны даргаар та ажиллаж байгаа. Танай хорооны хяналт, шалгалтын үйл явц ямар шатанд явж байна?
-Нэн тэргүүнд хянан шалгагч нараа томилох ёстой. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гишүүд орон нутагт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгах хорооны хурал зарласан боловч ирц хүрсэнгүй. Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чулган нээлтээ хийнэ. Тиймээс бүх гишүүд ирчих байх. Тэр үед зохих байгууллагуудаас санал авч, маш яаралтай хянан шалгагч нараа томилно. Хянан шалгагч нар ойролцоогоор 20 орчим хоногийн дотор дүгнэлтээ гаргах байх. Улаанбаатар хот дотроо мэдээллээ нягтлах байгууллагууд нь тодорхой болохоор хугацаа бага орох байх. Хоёрдугаарт, цуглуулсан материалтай холбоотойгоор ямар ямар хүмүүсийг сонсголд дуудахаа тодорхойлно. Ингээд шууд сонсголоо зохион байгуулна. Ямартай ч энэ дөрөвдүгээр сардаа багтаж сонсголоо зохион байгуулах бодолтой байна.
“СОНСГОЛЫН ЗОРИЛГО ОЛОН НИЙТЭД АСУУДЛЫГ ДЭЛГЭЖ ТАВИХ ШҮҮ ДЭЭ”
-Сонгууль ойртсон энэ үед сонсголд дуудагдсан хүмүүс “сонгуулийн шоу” хийж байна гэсэн байдлаар хандаж сонсголын үр нөлөөг үнэгүйдүүлэх эрсдэл гарч болзошгүй санагдаж байна?
-Нэгэнт УИХ-аас сонсгол зохион байгуулах ажлын хэсэг, түр хороо байгуулагдсан учраас хуулийн дагуу л ажлаа хийнэ. Урьдчилан харж байгаагаар уг асуудал саяхан шүүхэд шилжсэн. Тийм учраас шүүхийн шатанд явж байгаа хэргийн талаар нарийн мэдээлэл өгнө, өгөхгүй гэдэг асуудал хуулийн байгууллагуудаас ирэхийг үгүйсгэхгүй. Уг сонсголын зорилго олон нийтэд асуудлыг дэлгэж тавих шүү дээ.
Ямар асуудал болоод, хууль дүрэм яаж зөрчигдөж, түүнд ямар албан тушаалтнууд оролцсон бэ гэдэг асуудлыг тодорхой болгож олон нийтэд гаргаж тавих нь чухал учраас аль болох асуудлыг дэлгэж тавина гэж бодож байна.
-Ногоон автобусны худалдан авалттай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг анх АН-ын гишүүд тавьж, МАН-ын нэр бүхий гишүүд дэмжиж, нийт 25 гишүүн гарын үсэг зурсан. Сүүлийн найман жил МАН олонх болж бүхий л түвшинд засагласан. Ногоон автобусны хэрэгт МАН-д нэр нөлөө бүхий хүмүүсийн нэр холбогдсон. Таны хувьд намыхаа гишүүдийг өмгөөлж хамгаалахгүйгээр, шударгаар асуудалд хандах итгэл үнэмшил, эр зориг байна уу?
-Хөгжлийн банкны сонсголыг удирдаад аваад явах санал ирээд, анхны сонсголыг нь би удирдсан. Дараа нь Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулах ажлын хэсэгт орж ажилласан. Мөн нүүрсний хянан шалгах түр хорооны ажлын хэсэгт ч орж ажилласан. Харин ногоон автобусны асуудал дээр мэргэжлийн хүнийхээ хувьд АН-ын оруулсан саналыг дэмжиж, сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн учраас гарын үсэг зурсан. Ажлын хэсэг хуралдаад надад ахалж ажиллах боломж олгосон. Тиймээс ямар ч байсан хуулийн хүрээнд асуудлыг шийдээд явах боломжтой. Түүнээс биш айхтар дарамт шахалт гээд байх зүйлгүй.
Энэ бол УИХ-аас томилогдсон асуудал. Хуулийн хүрээнд ажиллана гэдэг нь ил тод байх бүхий л боломж бололцоог хангаж ажиллана.
-Иргэдийн дунд МАН дотроо нэр нөлөө бүхий гишүүдийг тус намын гишүүний ахалсан хянан шалгах түр хороогоор авч хэлэлцээд нэг их үр дүн гарахгүй байх гэсэн эргэлзээ байгааг үгүйсгэхгүй л дээ. Намынхантайгаа найзан дундаа орчих вий…?
-Гайгүй байх аа л гэж бодож байна. /Инээв/ Би чинь хуульч хүн шүү дээ. Тиймээс хуулийн хүрээнд ажиллана л гэж бодож байна.
-Сонгуулиас өмнө асуудал шийдэгдчихнэ гэж ойлгох уу?
-Шийдэгдчихнэ. Дөрөвдүгээр сард багтаах боломж бололцоог эрэлхийлж байна. Хаврын чуулган завсарлаад, үргэлжлээд цас зуд болоод асуудал жаахан хойшилчихлоо. Гэхдээ амжвал дөрөвдүгээр сардаа, бүр болохгүй бол тавдугаар сарын эхний хагаст багтаагаад асуудлыг шийднэ гэж бодож байна.
“ХӨДӨӨ АЖ АХУЙН СЭРГЭЛТ МАЛЧДЫГ, ТАРИАЛАНЧДЫГ Ч ОРЛОГОТОЙ БОЛГОХ БОЛОМЖ”
-Цас зуд гэснээс “өвөл болохоор хүйтэн болдог. Цаашлаад зуд болдог” гэдгийг бид бүгд мэднэ. Малчдын амьдрал ахуй хүнд байгааг ойлгож байгаа ч зарим улстөрчдийн хувьд “Зуд болоход зол” болж байна гээд хэлхэд буруудахааргүй болж байна. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд үрэн таран хийсэн асуудлаас илүүтэй мал, малчин гэх хоёр асуудалд түлхүү анхаараад байгаа юм биш үү?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2022 онд уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуй, хөдөө аж ахуй гэсэн төсөл хэрэгжүүлэх төслийг УИХ-д оруулсан. Тэр үед УИХ-ын гишүүд “Малчидаа тойглох гэж байна” гэсэн байдлаар хандаж уг төсөл унасан. Яг өнөөдөр энэ төслийг УИХ-д оруулаад ирвэл бүгд дэмжээд ногоон гэрлээр батална.
Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр өвөл болдгоороо болно. Зуд болдгоороо болно. Тэр болгонд УИХ, Засгийн газрын гишүүд хэдэн өвс, тэжээл барьж гүйсээр, хэдий болтол явах вэ гэдэг асуудлыг хөндөөд байгаа юм.
Миний бие 2023 оны тавдугаар сард хөдөө явж байхдаа, “хэдийгээр мал хувийн өмч ч гэлээ энэ бол Монголын баялаг. Хоёрдугаарт, хаврын хавсарганд харангадаж унах дөхсөн гүү унагаа хөхүүлээд зогсож байгаа зураг оруулаад, өвөл, хаврын хүнд үед мал нь хорогдохоор “байгаль дэлхий авах юмаа авчихлаа” гэсэн байдлаар ханддаг. Гэтэл нөгөө талаас малчин, малчны амьдрал, мал аж ахуйгаа тэр чигээр нь туйлдуулчихсаны илрэл. Тиймээс төрөөс тэднийг бодлогоор дэмжиж малын хашаа хороо, худгийг бодлогоор дэмжье гэхээр “хувийн өмч” дэмий гээд дэмжихгүй байж, зуд болохоор өөрсдөө өвс, тэжээл ачаад гүйж байна. Хөдөө аж ахуйн сэргэлтийг энэ мөчид л шийдмээр, босгомоор байна. Миний хувьд “Шинэ хөдөө” төслийг 2017 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж байна.
-Эрчимжсэн мал аж ахуй гэдэг үгийг улстөрч бүхэн хэлж, ярьсаар олон жил боллоо. Гэтэл яагаад одоо болтол мал аж ахуйн салбар эрчимжихгүй байна вэ?
-Таны хэлж байгаагаар бүгд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар ярьдаг. Улстөрчид, төр засгийнханы амнаас гарах л ёстой үг мэт болчихсон. Малчид ч “Эд нар нөгөө л юмаа ярьж байна” гэсэн байдлаар олон жил явлаа. Тухайлбал, “Шинэ хөдөө” төслийнхөө талаар малчдад яриад бүх боломж бололцоогоор хангана, орлого олох боломжийг нь нэмэгдүүлье гээд нэг ёсондоо мал аж ахуй, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх дэд бүтцийг нь шийдэх боломжийн талаар ярьдаг. Гэтэл малчид сонсч сонсчихоод, шал өөр юм асуудаг. Энэ юуг харуулж байна гэхээр эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй гэдэг зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг яриа болоод хувирчихсан байна. “Шинэ хөдөө” төслийг салбар яамны удирдлагууд нь бодлогоор дэмжихгүй байхад тус яамны мэргэжилтнүүд “Бидний хүсээд байгаа юмыг та яриад байна” гэдэг. Гэтэл сайдаар нь дамжуулаад Засгийн газрын мөрийн хөтөлбөр бодлого болгоод гаргах гэхээр дэмждэггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр энэ талаар ярьдаг ч бодлого болгоод гаргах дээр хэн ч санаа сэтгэл тавьдаггүй. Харин сүүлийн жилүүдэд гишүүд энэ төслийг маш чухал гэдгийг ойлгож, дэмжиж байна. “Шинэ хөдөө” төслийн гол зорилго бол малчид, тариаланчдад орлого олох боломжийг нь олгоё гэж байгаа юм. Тухайлбал, бух тараалаа л гэнэ. Гэтэл нэгж үнэ нь таван сая төгрөгөөр бух хүн бүр авч чадахгүй. Харин айл саахалт буудаг, гол усаараа нийлээд авч болно.
Мөн хадлан тэжээл бэлдэх бүх тоног төхөөрөмжөөр нь урт хугацаанд хангаж доод тал нь 10 өрх нийлээд хоршоо болоод ороод ирвэл түрээсээр олгох боломжийг бүрдүүлээд үр дүн нь гараад явж байна. Хүн тэр бүр үнэтэй тоног төхөөрөмж авч чадахгүй. Харин нэгдэж нийлээд хэрэгтэй цагтаа түрээсээр аваад ашиглавал бүтээмж, үр ашиг нь аль аль салбарт нэмэгдэнэ.
БНСУ-ын тосгон бүрт ийм түрээсийн үйлчилгээг төрөөс бодлогоор нь дэмжиж ажилладаг. “Шинэ хөдөө” төслийн олон сайхан үр дүн гарсан. Хамгийн гол нь манайхны “Энэ бол МАН-ын гишүүн, тэр УИХ-ын гишүүн, Ж.Бат-Эрдэнэ өгсөн юм, хэрэгжүүлсэн төсөл” гэсэн ойлголтоосоо салахгүй байна. Хэн нэгэнд би өгч байгаа зүйл огт биш. “Шинэ хөдөө” орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулаад тэнд өгсөн. Тэд иргэддээ түрээслүүлдэг.
Тэр аж ахуйн нэгж томрох биш харин тэднээс түрээсээр авч ашигласан малчин өрхүүд хөл дээрээ босч, орлого бүтээмж нь өсөх нь чухал.
-Малчин гэдэг мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрөөд ХАА-н дээд сургууль боловсон хүчнийг нь бэлдэж байгаа. Тэгвэл сургуулиасаа гарсан, сумандаа үлдсэн хэд нь малчин болдог гэх сэтгэлгээг хэрхэн халж яаж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, мал аж ахуйдаа инноваци нэвтрүүлэх талаарх ойлголтыг суулгах ёстой вэ?
-“Мал дагавал ам тосдоно” гэж ярьдаг. Тэгвэл “Мал маллавал ам тосдоно” гэж наад зах нь энэ үгээ сольмоор байгаа юм. Тэр хээр гадаа мал дагаад гандаад явдаг, шуурга болохоор дагаж яваад амь насаа эрсдэлд оруулдаг, мал тогтоочих хашаа саравч ч байхгүй. Тэгчихээд энэ байдлаа нүүдлийн соёл гэж бид онгирдог. Малаа дагах нь нүүдлийн соёл, дагаж байгаад амь эрсдэх нь нүүдлийн соёлын эрсдэл.
Ингээд бодохоор малаа маллаад сайхан амьдрах нь чухал юм уу, малаа дагаад хөдөө хээр сууж байх нь жаргал юм уу. Яг үнэндээ хотынхон л нүүдлийн соёл гэж яриад байгаа болохоос яг мал дээр байгаа хүн малаа дагаад халуунд халж, хүйтэнд хөрж явахыгаа жаргал гэж хэлээд байгаа юм байхгүй.
Харин амьдрахын төлөө л явж баайна. Миний бие өвөлжөө, хаваржааныхаа нэг га газарт хадлан тэжээл тариалаад газар хагалах боломж олгох талаар хуулийн төсөл санаачилсан. Надтай уулзсан малчид хамгийн чухал хуулийн төсөл гэдгийг хэлж байна. Малынхаа ам руу хийх өвс тэжээлийг тэндээсээ хураачихна. Малчид аятайхан хашаатай, байшинтай, техник технологитой болмоор байна.
-Зуданд өртсөн малчдын нөхцөл байдлыг аваад үзвэл малчдын хувь хүний амьжиргаа, санаачилгатай шууд холбоотой байгаа нь харагдаж байна. Зуны гурван сар найр наадам хэсээд өвөлдөө бэлдэж нэг ч хашаа, саравч бариагүй малчны өр зээлийн хүүгийн төлбөрийг татвар төлөгч бидний мөнгөнөөс гаргах шийдвэр Засгийн газраас гаргах нь шударга бус санагдаж байна гэж иргэд их ярьж байна?
-Энэ бол хоёр талтай асуудал. Нэг талаасаа таньтай санал нэг буюу мал бол хувийн өмч учраас аливаа эрсдлийг өмчийн эзэн нь бүрэн хариуцах ёстой. Гэхдээ мал, мах өөрөө улсын стратегийн хүнс учраас төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх ёстой. Дээрээс нь хашаа саравчтай байснаар нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйгаас татгалзаад байгаа юм биш. Хээр талдаа бэлчээ. Оройдоо ирээд дулаан хотонд байлга. Энэ асуудлыг дэмжих ёстой юм.
Энэ хавар хот суурин газрууд махны хомсдолд орох өндөр магадлалтай. Дөрвөн сая орчим мал хорогдлоо. Арай ядан хөл дээрээ зогсч онд орж байгаа малаас алийг нь нядлах юм бэ. Ингээд мах хомсдоод ирвэл малчдаа дахиад үзэн ядна. Системийн доголдол энд явагдаад байна.
Энд махны үнийг нэмэгдүүлэхгүй байя гэвэл тэнд малчид жилийн дөрвөн улирал махаа нийлүүлэх боломжоор хангахын тулд энэ салбараа хүссэн хүсээгүй дэмжих болно. Тиймээс төрөөс энэ чиглэлд дорвитой бодлого гаргах цаг нь ирчихсэн байна.
Өнгөц харахад малчныг дэмжээд байгаа мэт боловч хүнсний хангамж, аюулгүй байдлаа бодож байгаа хэрэг. Нөгөө талаас хотоо харлуулчихсан айлыг малжуулах хөтөлбөрт хамруулахын тулд тав, 10 төгрөг өгөх, малаа маллаад хүнсний хангамжийн бүтэн эргэлтэд орж байдаг систем бий болгох хоёр тэнгэр газар шиг ялгаатай бодлого л доо.
“МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ, МАХНЫ ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ, ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ЦАГ БОЛСОН”
-Цаг уурын байгууллагын мэргэжилтний ярилцлагад цаг уурын өөрчлөлт эрчимжиж байна. Дараа дараагийн жилүүдэд энэ өвлийнхөөс ч их хур тундас унах магадлалтай гэдгийг дурдсан байсан. Энэ жил малжуулах хөтөлбөрт хамруулаад хэдэн мал өглөө гэж бодоход дараа жил зуданд хорогдуулчихгүйг үгүйсгэхгүй л болж байна?
-Сүүлийн үед мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа судалгаагаар дэлхийн дулаарал гэх ойлголтыг өөрөөр тайлбарлаж байна. Өвөлдөө тэсгэм хүйтэн, хур тундас их, зундаа аагим халуун, хур тунадас бага гэх мэт эсрэг тэсрэг болж байна. Цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа энэ үед эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж батлуулсан. Австралийн мэргэжилтэн надад “Малынхаа өвчнөөс салаагүй цагт дэлхий нийт танай махыг тоох ч үгүй” гэж хэлж байсан. Бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, хамгийн эрүүл эко гэдэг. Ийм мах үнэтэй ч гэдэг. Тэгээд хаана байна. Тийм байсан бол малчин бүр баяжчих байсан. Яг үнэндээ монгол мах экспортод тэр бүр гарахгүй байгаа. Бага сагахан л гарч байна. Урдаа хойноо хориотой л байна. Учир нь монгол мах өвчтэй.
Тиймээс малаа эрүүлжүүлэх тал дээр хувьсгал хийх хэрэгтэй. Салбар яам нь ажиллах хэрэгтэй. Малаа эрүүлжүүлж, махны экспортоо нэмэгдүүлж, эргэлтэд оруулахгүй бол нөгөө малчид ямар мөнгөөрөө хашаа, худаг, байшин барилгатай болох вэ дээ.
-Сүүлийн таван жилийн мал, малчинд зориулсан халамжийн бодлого, статистик тоо, үнийн дүн байдаг уу. Төрөөс малчдыг дэмжих бодлого, зарцуулсан төсөв мөнгөний хэмжээ уг нь мөн ч их дээ?
-Статистик тоо мэдээ алга байна. Хоёрдугаарт, малчид руу чиглэсэн тийм их хэмжээний мөнгө гараагүй байх. Би сайн хэлж мэдэхгүй байна. Нэн тэргүүнд малынхаа өвчинтэй тэмцэх хэрэгтэй. Махаа гадагшаа гаргах боломж нэмэгдвэл энэ нь төрөөс малчдынхаа төлөө хийж байгаа асар том дэмжлэг. Цаашлаад бид бодлогоор малаа эрсдэл аюулаас хамгаалах нөхцлийг нь бүрдүүлж өгчихөөд эргээд хариуцлага нэхээд сууж байх боломжтой болно. Өнөөдөр бэлчээрийн даац хомс учраас хадлан тэжээл хангалттай бэлдэх боломж бололцоо нь хомс болж байгаа учраас ногоон тэжээл авч тэжээдэг хагас суурин маллагаатай болж, хургаа бордож тухайн жилд нь эдийн засгийн эргэлтэд оруулдаг, 1000 малтай байх уу, 500 малтай байх уу гэдэг сүргийн бүтэцдээ анхаардаг энэ нөхцөл байдлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“ХЭН БАЙХААС ҮЛ ШАЛТГААЛААД ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ СОНГОГЧИДДОО ОЧИЖ ТААЛАГДДАХ СИСТЕМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА”
-Сая УИХ-ын хаврын чуулган завсарлахад бүх л гишүүн “Улсын сайн малчин, аймгийн аварга малчин, мянгат малчин”-ны шагнал өвөртлөөд, тойрог руугаа гүйсэн шүү дээ. Төрийн шагнал урамшууллын тогтолцоо хүртэл малын тоо толгойг өсгөхөд чиглэж байна. Энэ тогтолцоог яаж өөрчлөх ёстой вэ?
-Би ч аваад гүйсэн. Ж.Бат-Эрдэнэ байхаас, өөр хэн байхаас үл шалтгаалаад иргэддээ таалагдах тогтолцоотой байна.
-Тэгвэл энэ тогтолцоог өөрчлөх боломж, эрх мэдэл нь та бүхэнд байгаа биз дээ?
-Хөвсгөл, Орхон аймгийн сонгогчидтой харьцуулахад Булган аймгийн сонгогчдын тоо цөөн. Гэтэл би бүсчилсэн хөгжлийг дэмжсэн. “Зарим хүн Баагий чи хоёр том аймгийн дунд живэх гэж байж бүсчилсэн хөгжлийг дэмжээд байх юм” гэж хэлж байсан. Ж.Бат-Эрдэнэ Булганаас сонгогдох, сонгогдохгүй гэхэээсээ илүү бүсчлэн хөгжиж байж улс орон хөгжинө. Энэ том бүс байж сонгогчоосоо хамааралтай, хүзүүнээсээ дүүжлүүлчихсэн мэт байдлаасаа бага ч болов гарна.
Тэгж байж сонгогчдодоо таалагдахын тулд энгэрийн одон медаль тараадаг байдал саармагжина. Хэн байхаас үл шалтгаалаад хүссэн хүсээгүй сонгогчиддоо очиж таалагддах систем үйлчилж байна. Энэ байдлыг бүсчилсэн хөгжлийн бодлого саармагжуулна.
Үндсэн хуульдаа холимог тогтолцоог оруулахын тулд хоёр гараа өргөөд дэмжсэн. Үүний хамгийн том ач холбогдол бол дахиад л сонгогчиддоо таалагдах гэсэн байдлаасаа саармагжина. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг ч дэмжсэн. Нийт 78 гишүүн нь томсгосон тойргийн иргэдээс санал авч гарч ирэх бол намын жагсаалтаар орж ирнэ гээд шүүмжлүүлээд байгаа 48 гишүүн нь улс орныхоо том бодлогыг урагшуулаад явна. Тухайлбал, миний бие “Малын хөлийн татвар авах нь зөв” гээд нутагтаа очоод яриа хийчихээд буцаж байхад миний дотны найз малчин “Баагий дахин сонгогдоё гэж байгаа бол малын хөлийн татвар авах нь зөв гэж битгий яриарай” гээд мессеж бичиж байсан. Над шиг тэнэг толгой тэр бүр байхгүй. Тойрогтоо очоод сонгогчиддоо таалагдах зүйл ярьдаг. Гэлээ гээд дараагийн газрынхаа уулзалт дээрээ энэ асуудлыг ярих уу болих уу гэж бодно. Бодит байдал ийм л байгаа. Ж.Бат-Эрдэнэ байна уу, Дорж, Дулмаа байна уу бүх гишүүд л ийм асуудалтай нүүр тулж байгаа. Тэгвэл шинэ тогтолцоогоор нөгөө 48 гишүүн энэ асуудлыг ярьж эхэлнэ.
Та санаж байгаа бол бид 2020 оны сонгуулиар 10 сая малын арьс, шир боловсруулах үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэр үйлдвэр өнөөдөр баригдаагүй. Учир нь гишүүд өөрийнхөө тойрогт очоод “Сургууль, цэцэрлэг барьсан, дусаал гоожоод байсан дээврийг чинь нөхсөн, зам барьсан” гээд тойргийнхондоо таалагдах нь чухал болохоос тэнд 10 сая малын арьс, шир боловсруулах үйлдвэр барьсан гэвэл хэн ч тоохгүй. Тийм учраас л баригдаагүй.
Тэр үйлдвэр барих мөнгийг 76 гишүүн тойрогтоо хуваагаад авчихсан. Жил бүр хувааж авсаар дөрвөн жил болчихсон. Тэгвэл одоо жагсаалтаар орж ирэх 48 хүн үүний эсрэг ажиллана. Мөрийн хөтөлбөртөө тусгасан улс орны хэмжээний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа урагшлуул гэж шахаж шаардана. Энэ бол тогтолцооны хувьд асар том өөрчлөлт, ач холбогдол. Нэмж хэлэхэд яг энэ үед мал, малчиндаа хайртай юм бол бодлогын өөрчлөлт хийх цаг нь болсон.
Та бүхэн “УИХ-ын гишүүдэд эрх мэдэл нь байхад өөрчлөлт хийхгүй байгаа юм” гээд гайхаад байдаг. 30 жил хийж чадаагүй, зунгааралдаад явсан тогтолцоо өөрөө ийм байна. Тэгвэл гишүүдийн тоог 126 болоход энэ асуудал бага багаар засагдаад, өөрчлөгдөөд явна. Үүний цаана нэг гишүүнд ирэх эрх мэдэл саармагжина. Сонгогчидын боловсрол ч өөрчлөгдөнө.