Ардчилсан нам (АН)-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл алдагдаж Үндсэн хуулийн эрх зөрчигдөж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүлэхээр болжээ.
Манай улсад 1995 оноос хойш Агаарын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Химийн бодис агаарт цацагдвал ямар арга хэмжээ авах талаар энэ хуульд заасан байдаг. Гэтэл энэ стандартаа мөрдөхгүй байгааг АН-ын төлөөлөгчид онцолж УИХ-ын даргад албан бичиг өгөхөөр болсон юм.
ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг хэлэхдээ “Г.Ариунбуян генералаас асууя. Яагаад бусдыг авардаг аврагчдаа алдаад байгаа вэ, энэ байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд дөрвөн удаа ажилтнаа оршууллаа. Аврагчид мэргэжлийн сургуулилалт дээрээ хүний амь нас аврах биш цэргийн жагсаал хийлгэж байна гэдэг гомдол үнэн үү?
Гурван аврагчаа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой Байдлын 63 дугаар анги өнгөрсөн жилийн шилдгээр тодорсон. Бусдаасаа онцгойрч шилдгээр нэрлэгдчихээд аврагчдынхаа амь насыг алдаад сууж байгааг нь харамсалтай байна. Шадар сайд С.Амарсайхан стандартыг мөрдөх ёстой гэж гоё үгээр халхавч хийж байна. Гэтэл манай улсад мөрдөгдөж буй стандартын журмыг ОХУ-ын сайтаас хуулбарлаж аваад орчуулаад гаргасан байдаг. Яагаад өдийг хүртэл тусгаар улс байж стандартын журмаа гаргаагүй юм бэ” гэлээ.