Элон Маскийг шүүмжилсэн найман ажилтныг хууль бусаар халсан хэрэгт “SpaceX” компанийг буруутгаж байна. АНУ-ын Хөдөлмөрийн харилцааны үндэсний зөвлөлийн бүс хариуцсан албан тушаалтны гаргасан гомдолд дурдсанаар тухайн ажилтнууд 2022 онд компанийн удирдлагууддаа хандаж ажлын байран дээрх янз бүрийн асуудлуудаа тоочсон захидал илгээжээ. Уг захидалдаа Маскийг “анхаарал сарниулагч”, “ичгүүртэй” гэж тодорхойлсон байна.
Холбооны хөдөлмөрийн хуулиар ажилчид илүү сайн ажиллах нөхцлөө хамгаалах боломжтой байх эрхтэй. “SpaceX” компани энэ хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хэлснээр “SpaceX” нь дарамт шахалтыг хүлээн зөвшөөрдөг хортой соёлтой компани аж.
“Би нээлттэй захидлаа хорон санааны үүднээс бус эргэн тойрныхоо хүмүүст санаа тавьсандаа удирдлагад хандаж нээлттэй захидал бичсэн” гэж халагдсан ажилтнуудын нэг хэлжээ.
Хөдөлмөрийн харилцааны үндэсний зөвлөл нь прокурорын түвшинд ажилладаг байгууллага бөгөөд таван гишүүнтэй зөвлөл хэргийг авч хэлэлцдэг. Хэрвээ энэ түвшинд хэрэг шийдэгдэхгүй бол захиргааны шүүгч хэргийг хянан хэлэлцэнэ. Шүүх хурал гуравдугаар сарын 5-нд товлогджээ. Компани хууль зөрчсөн нь тогтоогдвол ажилчдыг ажилд нь эргүүлэн авч, цалинг нь нөхөн олгоно.
“SpaceX”-ээр тогтохгүй Элон Маскийн бусад компани ч ажилчдын эрх зөрчсөн хэрэгт нэг бус удаа буруутгагдаж байсан. Тухайлбал, “X” компани зайнаас ажилладаг байсан ажилтнуудаа оффист ирэхийг шаардах үед эсэргүүцсэн ажилтан халагдсан хэрэг гарч байв. Мөн “Тесла” компани ажилчдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдаж байжээ. “SpaceX” компанийн хувьд дээрх асуудлаас гадна өөр зүйл ч бий. Тодруулбал, АНУ-ын Хууль зүйн яамнаас тус компанийг хүн ажилд авахдаа дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийг ялгаварлан гадуурхсан гэж буруутган шүүхэд өгчээ.
Эх сурвалж: BBC