Гэр бүлээрээ эрчимжсэн фермийн аж ахуйн бизнес эрхлэгч Г.Отгонбаатар, О.Даваасүрэн нартай ярилцлаа.
– Сайн байна уу? Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн бизнесийг хэзээнээс эхлүүлсэн бэ? Яагаад энэ салбар луу орох болсон бэ?
Г.Отгонбаатар: Манай гэр бүлийн хувьд 15 жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарсан. Тэгээд 2019 онд Ковидын эд үед эх орондоо ирэхээр шийдээд 2022 онд ирж байлаа. Монголд сургуулиа төгсөөд хүний нутгийг зориод багагүй хугацаа өнгөрүүлсэн болохоор эргэж ирээд хүний удирдлага дор цагт баригдсан ажил хийхгүй, өөрсдийн гэсэн бизнес эхлүүлье гэж зорилго тавьсан. 2018 оноос ирэх хүртэл Монголд ирж ямар бизнес хийхэд тохиромжтой талаар судлаад, нэлээдгүй судалсны эцэст хүнсний салбар луу орохоор шийдсэн.
Монголд хамгийн оновчтой хүнсний бизнесийн салбар бол гурил, мах сүү байсан. Тэгээд л сүүний ферм эрхлэх нь тохиромжтой гэж шийдсэн дээ. Монголд ирээд энэ талаар бизнес эрхлэхээр ирэхэд бид хоёрт фермийн болон үнээний арчилгаа, саах талаар ч ямар ч мэдэгдэхүүн байгаагүй. Сургалтууд болон сошиалаар судалсны эцэст 2019 онд Төв аймгийн Аргалант суманд баригдаж байгаа жишиг кластер фермийг худалдан авч 2022 онд бид эх орондоо ирээд Францаас мах сүүний чиглэлийн монбилиард – 5, Нарийн саалийн фермээс хар тарлан үүлдрийн – 10 үхэр аваад нийт 15 саалийн үнээтэй эхэлж байлаа.
– Ямар ч мэдэгдэхүүнгүй эхэлсэн гэж яриандаа дурдлаа. Ирээд Монголд суралцсан уу?
О.Даваасүрэн: Манай нөхрийн хувьд 20-иодхон настай залуу байхаасаа л сүүний фермтэй болно гээд энэ төрлийн ном товхимол их уншдаг байсан. Уг нь бол манай хүн төмөр замын мэргэжилтэй. Тэгээд бид 2 энэ салбар луу орохоор шийдээд БНСУ-д болон Монголд ч бас их судалсан л даа. Малын тухай мэдэгдэхүүнгүй болохоор яах бол гэж бодож байсан. Тухайн үед Баянчандманьд н.Ваанчиг гэж фермер бид хоёрт зүгээр ханцуй шамлаад ажилдаа ор. Хийгээд үзэхээр аяндаа мэдэхгүй, чадахгүй зүйлээсээ суралцаад явна гэснээр зориглоод ажилдаа орж эхэлсэн дээ.
Г.Отгонбаатар: 2022 оны 11 сард анх 15 саалийн үхрээ авчраад хаанаас нь эхлэхээ мэдэхгүй л байсан. Тэгээд бид 2 сургалтууд маш их хайсан, судалгаа ч их хийсэн. Тэрний ч үр дүн гарсан. Тэр дундаас хамгийн их ойлгосон зүйл бол “Бидний ашиг шимийг нь авах гээд байгаа үнээ бол яг л эмэгтэй хүн юм аа. Тэднийг хэдий чинээ арчилж, эрүүл байлгана төдий чинээ ашиг шимээ бидэнд арвин өгөх юм байна” гэдгийг маш сайн ойлгосон.
Энэхүү кластер фермийг худалдан аваад ирээд үйл ажиллагаагаа эхлүүлээд байтал БНСУ-ын чиглүүлэгч компаниас 4 удаагийн сургалтыг ирж орсон. Сургалтаар олсон зүйлээ практикт 3 жил хэрэгжүүлээд л одоо бид багагүй туршлага суусан байна. Эхний ээлжид ирж байсан үхрүүд маань 3 удаа төлөө өгөөд одоо 4 дэх төлөө өгөхөд бэлэн болсон байна.
Саалийн үнээний ходоодонд байгаа ашигтай бактерийг нэмэгдүүлэх тусам үр шимийг нь их хүртэнэ.
– Энэ төрлийн бизнесийн эрсдэл өндөр үү? Энэ талаар бас судалсан уу?
Г.Отгонбаатар: Мэдээж эрсдэлээ судалж байж бизнесийн салбар луу хөл тавина. Эрчимжсэн мал аж ахуйн хувьд бэлчээрийн мал аж ахуйг бодвол эрсдэл бага. Бага толгой малаар их ашиг боломжтой. Гэхдээ хүмүүст нэг тийм буруу ойлголт өргөн тархсан. Эрчимжсэн мал аж ахуй гэхээр хашаанд хашаад ямар ч арчилгаагүй их сүү авдаг гэсэн ойлголт байдаг. Арчилгааны хувьд маш их. Харин тэрний хэрээр өндөр ашиг авдаг. Тухайлбал одоо манай ферм 65 үхэртэй болсон байна. Үүнээс 25 бяруу, 40 саалийн үхрээс яг одоо саалиа өгч байгаа 28 үлдсэн нь хээлтэй.
Анх 180-200 литр сүү бэлтгэн нийлүүлдэг байсан бол одоо 500 литрээс дээш сүү бэлтгэн нийлүүлж байна. Өндөр ашиг шим авахын тулд өндөр арчилгаа шаардагдана. Жишээлэхэд үхрүүдээ саахын өмнө үхрүүдийн дэлэнг угааж ариутгасан алчуураар, иодын уусмалаар дэлэнг нь ариутгана. Үнээ бүрийн алчуур тусдаа гэх мэт. Арчилгаа дундаас хамгийн чухал зүйл бол тэжээл. Саалийн үнээний ходоодонд байгаа ашигтай бактерийг нэмэгдүүлэх тусам ашиг шимийг нь их хүртэнэ. Хаа таарсан өвс, усаа өгөх биш архи пивоны үлдэгдэл шаараар гэдсийг нь дүүргэх биш шүү дээ.
Нэг үхрийг бид Францаас 13-16 сая төгрөгөөр авчирна. 10 удаа тугаллах буюу 10 жил ашиг шимийг нь авна гэсэн зорилго тавьсан. Тэгэхээр хаа хамаагүй хоол хүнс өгөх нь зохимжгүй. Саалийн үнээний амьдын жингийн 4%-д тохирох хэмжээний бүдүүн тэжээлийг өдөрт 1 үхэрт өгнө. Манай саалийн үнээ 800кг орчим жинтэй. Тэгэхээр бид 1 үхэрт өдөрт дунджаар 32кг бүдүүн тэжээл өгнө.
Бүдүүн тэжээл өгөхөд хүртэл учиртай. Тэжээлийн дөрөвний нэгд нь уурагт тэжээл, нэмээд дээр нь 100 гр давс, 100 гр кальц, 14 төрлийн эрдэс бодисоор баяжуулаад бүх хоолоо миксерт оруулаад хурдан шингэх боломжтой болгоод өгдөг. Бид уух усыг хүртэл хүйтэн усаа бүлээсгэж, бүлээн усаар малаа хангалттай усалдаг. Ингэхээр мал ашиг шим нь өндөр гарна. Энэ мэдээж бизнес учраас чи хэдий чинээ хөрөнгө их зарна, төдий чинээ орлого их олно л гэсэн үг.
– Гадаадаас орж ирсэн үхрүүд гэхээр энэ үүлдрийн бух бас ирж байж хээлтүүлэг авах уу?
О.Даваасүрэн: Хээлтүүлгийн хувьд бид тухай үүлдрийн бухын үрийг аваад өөрсдөө хээлтүүлгээ хийдэг. Манай нөхөр түрүүн яриандаа дурдсан шүү дээ. Саалийн үхэр яг л эмэгтэй хүн шиг гэж. Бид үхэр бүрдээ тусгай тэмдэглэл хөтөлдөг. Хэзээ тугалласан, хэзээ ширгээх, хэзээ хээл авсан гээд л он сараар бичиж тэмдэглэдэг. Үнээний мөчлөгөөрөө 21 хоног тутам ороо нь ордог.
Бид өвөл зунгүй саальтай байхын тулд үнээнийхээ ороог нь харж байгаад өөрсдөө зохиомол хээлтүүлэг хийдэг. Өмнө нь бид нар ороог нь орох хугацаагаар нь зоотехникч дууддаг байсан. Маш өндөр зардалтай байсан. Зардал нь яах вэ гэж бодоход тэр хүний ирэх хугацаанд өндгөн эс хагарах гэх мэт асуудал гарч хээл авахгүй байх магадлал их байсан учраас би 2022 онд, манай нөхөр 2023 онд хээлтүүлгийн мэргэжлийн сургалтад суугаад ороо хээлтүүлгээ өөрсдөө хийж байгаа.
Хээлтүүлгээ зөв хийсэн бол дараагийн ажил ундарна. Саалийн үнээ тугаллаад 300 хоног саалиа өгөөд ширгээснээс хойш 60 хоногийн дараа дахин тугаллана. Ширгээх өдрөөс эхлээд бүх зүйлийг л яг ном журмын дагуу нарийн хийдэг дээ.
– Ихэнх эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нар дэргэдээ туслах малчинтай байдаг. Танайх байгаа юу?
Анх бид 2 бүх зүйлээс өөрсдөө гардаж хийдэг байлаа. Одоо нэг туслах гэр бүл бий. Гэхдээ бидний хувьд хээлтүүлэг, үхрээ саах зэрэг гол ажлаа өөрсдөө хийж өдөрт ажиллах, амрах цагийг нь тэнцвэртэй байлгахыг хичээдэг.
– Сүүгээ хаана бэлтгэн нийлүүлдэг вэ?
Г.Отгонбаатар: Анх энэ кластер фермүүд байгуулагдаж ирж байхад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани ирж уулзаж байлаа. Тэгээд манай гэр бүл улсынхаа ууган үйлдвэр Сүү ХК-ийг сонгож сүүгээ нийлүүлж эхэлсэн. Одоо сүүгээ нийлүүлээд 3 жил болсон байна. Ер нь бүгд л ижил сүү нийлүүлсний төлөө бүгд мөнгийг нь өгч байгаа. Яагаад сонгосон гэхээр илүү сүү бэлтгэн нийлүүлэгчид рүү гээ чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулж, халамжилдаг санагдсан. Одоо ч сонгосондоо харамсдаггүй.
– Одоо 3 жил эрчимжсэн мал аж ахуйгаар ажиллалаа. Хэцүү шантармаар үе байв уу?
О.Даваасүрэн: Байлгүй яах вэ? Олон жил эх орноосоо хол ажилласан бид 2 ирээд хурааж хуримтлуулсан маань өнөөдрийн фермийг босгоход тийм ч хангалттай биш байлаа. Тэгэхэд Монголын банк бол зээл олголт хийхгүй байсан. Тиймээс бид үйл ажиллагаагаа эхлээд 1 жил гаран болоод дансны хуулгаа харуулж байж зээл авч байсан. Магадгүй энэ бизнес эхлэхэд мөнгөний суурьгүй эхлэхэд бас хэцүү. Тийм болохоор энэ төрлийн бизнес эхлэх гэж байгаа залуус бас энэ асуудлаас болж буцдаг юм шиг байгаа юм. Тийм болохоор ипотекийн зээл гэдэг шиг мал аж ахуйн салбарт зориулсан хүү багатай урт хугацаатай зээлийг олговол илүү санагддаг.
Г.Отгонбаатар: Тэрнээс гадна бидний жил бүрийн хамгийн их санаа зовдог асуудал өвлийн тэжээл. Энэ жил бид 60 га талбайг түрээсэлж ногоон тэжээл тарилаа. Бид нар шиг өөрсдийн гэсэн газар болон техникгүй хүмүүст малаа өвөл зунгүй тэжээдэг болохоор тэжээл маш чухал. Эрчимжсэн мал аж ахуйгаар дөнгөж суралцаж эхэлж байж , дахиад газар тариалангийн салбар луу орох бас хэцүү санагдаж байна. Болдог бол жил бүр тариа бригадуудтай тогтмол үнээр гэрээлж булаа, ногоон тэжээл авдаг бол сайнсан л гэж харж байна. Энэ жилийн өвөл дуусаагүй байхад л дараа жилийн өвлийн тэжээлдээ санаа зовнин л сууна. Охидынхоо хоол тэжээлийг таслах юм бол бид чинь ашиг шимийг нь хүртэж чадахгүй шүү дээ. /инээв/
– Бидний урилгыг хүлээн авч, цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Та бүгдээс асуухгүй үлдсэн зүйл байвал бидэнтэй хуваалцахгүй юу?
Г.Отгонбаатар: Монголчууд бид ажилч хичээнгүй улс. Хаана ч ямар ч ажлыг хийж чаддаг. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, утаанаас хол агаарт, ашиг шим хүртэх боломжтой газар ажиллаж амьдраасай гэж уриалмаар байна. Энэ төрлийн дундаж түвшний залуусыг ч бас улс маань бодлогоор дэмждэг байгаасай гэж хүсэж байна. Манай гэр бүлийн хувьд ч бас сурсан мэдсэн зүйлээ онлайнаар болон биеэр ирээд зөвлөгөө авах боломжтой, нээлттэй шүү гэж хэлмээр байна. Үнэхээр сонирхож байгаа бол ирээд 7 хоног хараад дагалдаад ямар байдаг талаар сурч мэдээд явахад болно шүү дээ. Дэм дэмдээ гэдэг дээ.
О.Даваасүрэн. Тийм шүү. Биднийг ирж байхад энийг ингэдэг, тэр нь тийм гээд заагаад өгөх хүн ховор л байлаа. Одоо бид ч бас алдаа оноон дээрээсээ суралцсан зүйлээ бусадтайгаа хуваалцахад татгалзах зүйл юу байх вэ. Ердөө хэдхэн л сурах зүйл бий. Энэ бүгдээ харамгүй зааж өгч болно. Манай фермээр зочилж, халуун дотно яриа өрнүүлсэн та бүхэндээ баярлалаа.
– Баярлалаа, та бүгдэд амжилт хүсье.