Үндэсний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, морин спортыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор үндэсний “Хай Пэй” ХХК-аас санаачлан Монголд анх удаа “HIPAY CUP 2024″ холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд орчин цагийн монгол адуунд зориулсан 4 километр урт морин тойруулгыг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар зураг төсөл нь бэлэн болжээ. Барилгын ажлыг 2024 оны гуравдугаар сарын 1-нд эхлүүлж тавдугаар сард ашиглалтад оруулах юм.
Морин тойруулга барьснаар дотоод, гадаадын үзэгчид монгол морины уралдааныг тухлан үзэх боломжтойн сацуу олон төрлийн дагалдах бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг “Хай Пэй” компанийн ерөнхий захирал Б.Наранбат онцолж байлаа.
Тэрбээр, Үндэсний морин уралдааныг илүү ая тухтай байдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа бөгөөд энэ хэрээр морин спортын үзэгч, сонирхогч нэмэгдэнэ гэж харж байна.
Байршлын хувьд ч хотоос 44 километрийн зайд учир Улаанбаатарын иргэд очиж үзэх боломжтой. Мөн Хятадын жуулчид богино хугацаагаар Монголд ирэхэд тэдэнд үзүүлэх, сурталчлах монголын нэг үндэсний өв соёл нь морин уралдаан байх болов уу гэж харж байна гэсэн юм.
“Хай Пэй” нь Хятад улсын Alipay, Wechatpay төлбөрийн хэрэгслийг хүлээн авдаг бөгөөд Эрээн хотын соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын компанитай хамтран ажиллахаар 2023 онд Шанхай хотноо гэрээ байгуулсан.
Тус компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд мөн морин тойруулга барихаар 80 га газрыг дуудлага худалдаагаар авч, энэ ондоо багтаан бүтээн байгуулалтаа эхлэхээр зорьж байгаа аж. Уг байршилд морин тойруулга барих нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн, Монгол морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Ц.Туваан, Морин уралдаан нь салбарын хэмжээнд хүртлээ хөгжсөн ч хавчигдмал байдалд ороод байна. Сүлжээгүй газар, хараа хяналтгүй, нууцаар уралдаан зохиох тохиолдол их гарч байна.
Энэ нь морин уралдаанд мөрдөж буй тодорхой стандарт байхгүйг харуулж байгаагаас гадна эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Харин морин тойруулгын уралдаан зохион байгуулж байгаа нь энэ салбарт стандартыг хэвшүүлэх, сайн зохион байгуулалт авчирна гэж харж байна гэв.
Уралдааны нэгдүгээр шат тавдугаар сарын 3-4-ний өдрүүдэд, хоёрдугаар шат мөн сарын 11-нд болно. Морин тойруулгын нэг удаагийн уралдаанд 40 морь уралдуулах бөгөөд 4 насны ангилал тус бүрд 160 хүлэг шандас сорино.
Уралдааны бүртгэлийн хураамжийн орлогыг зохион байгуулагчид шимтгэл авахгүйгээр 100 хувь шагналын санд хуваарилж буйгаараа онцлог. Тодруулбал, тэргүүн байранд орсон хүлгийн шагналын сан 224 сая төгрөг байх бөгөөд морины эзэн шагналын 50 хувь болох 112 сая төгрөг, уяач 40 хувь буюу 89 сая төгрөг, унаач хүүхэд 10 хувь буюу 22 сая төгрөгийн эзэн болох юм.