“Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-ын талаарх судалгааны үр дүнг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос танилцуулав.
Энэ үеэр ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Орчин үед гэр бүлийн хэв шинжүүд маш их өөрчлөгдсөн. Тухайлбал дан гэр бүл, нийлмэл гэр бүл, өрөөсгөл гэр бүл, залуу гэр бүл, дунд гэр бүл гэх мэтчилэн нэрлэж болно.
Түүнчлэн шинэ үеийн олон гэр бүлийн хэлбэр бий болж байна.
ХЭҮК-оос эдгээр гэр бүлийн онцлог, хэв шинжийг судлаад, тэдэнд ямар асуудал гарч байгааг илтгэлдээ тусгаж, хэрхэн шийдвэрлэх саналаа хэлэлцэнэ.
Тухайлбал дан гэр бүлд санхүүгийн асуудал, орон байр болон гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал нэлээд тулгамдаж байна” гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр “Залуу гэр бүлүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч байна. Энэ бол нийлмэл гэр бүлийн хэлбэр. Урьд нь аав, ээжийгээ асрах, тэжээн тэтгэхтэй холбоотойгоор хамт амьдарч байсан.
Одоо залуу гэр бүлүүд санхүү, тусдаа амьдрах байр, амьдралаа авч явж чадахгүй байгаа, ажил хөдөлмөр зэргээс болж, эцэг эхийнхээ нөмөр нөөлөгт амьдарч буй нийлмэл гэр бүлийн асуудал байгаа” гэдгийг тэрбээр ярьж байлаа.
Гэр бүлийн хэв шинжийн онцлогийг дараах байдлаар тайлбарлалаа.
Дан гэр бүл:
Эцэг эх, тэдний халамжид буй хүүхдүүдээс бүрдэх гэр бүлийг дан гэр бүл гэж хэлнэ. Монгол Улсад дан гэр бүл 536,309 байна. Үүнээс:
- Хотод 339,917
- Хөдөө 196,393 тус тус амьдарч байна.
Дан гэр бүл нийт гэр бүлийн 59.8 хувийг эзэлж байгаа юм. Тэдний гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байна. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал оржээ.
Нийлмэл гэр бүл:
Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт амьдардаг гэр бүлийг нийлмэл гэр бүл гэж нэрлэнэ. Монгол Улсад нийлмэл гэр бүл нийт 203,317, үүний 161,388 нь хотод, 141,929 нь хөдөө амьдарч байна.
Нийлмэл гэр бүл буюу эцэг, эх, ах дүүс, садан төрлөөрөө амьдарч байгаа өрхийн тоо хотод хөдөөгөөс хоёр дахин их байгаа нь хотод суралцах болон бусад шалтгаанаар ирсэн хүмүүс нөлөөлж байгаа ч залуу гэр бүлүүд өөрийн орон гэргүй (56.8 хувь), бие даан амьдрах чадваргүйн (19.8 хувь) улмаас эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа нь гол шалтгаан болж байна.
Залуус өндөр настай эцэг, эхээ асрах шалтгаанаар нийлмэл гэр бүл бүрэлдэж байсан дүр зураг өөрчлөгдөж, эцэг эхийнхээ ивээлд амьдрах нь түгээмэл болж байна. Эдгээр гэр бүлд санхүүгийн ойлгомжгүй байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, архидалт, ажилгүйдлээс үүдэлтэй мөн эцэг эх, садан төрөл зэргээс улбаалсан хэрүүл маргаан зөрчил, асуудал ихээхэн гардаг.
Өрөөсгөл гэр бүл:
Эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүлийг өрөөсгөл гэр бүл гэнэ.
Монгол Улсад өрөөсгөл 77,917 гэр бүл байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм.
Өрөөсгөл гэр бүлд бэлэвсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байна. Өрөөсгөл гэр бүлийн дээрх хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтад ордог болох нь ажиглагдаж байна.
Залуу гэр бүл:
Залуу гэр бүлд 35 хүртэлх насны гэр бүл орно. Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь буюу 2,039 иргэн залуучуудын төлөөллийг бүрдүүлж байна.
Залуу гэр бүлийн хувьд ажил эрхлэлт бага байдаг учраас ажилгүйдэл, орон байр, ар гэрийн байдал, зан чанарын ялгаатай байдал, амиа бодсон байдал, хүчирхийлэгч зан, өөр орчинд өссөн болохоор зан чанар орчны ялгаа, төлөвшөөгүй байдал, доромжилсон үйлдэл зэрэг бүх талаараа таарамжгүй байснаас зөрчил бий болдог.
Дунд насны гэр бүл:
Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55, хүүхдүүд нь 10-25 настай байдаг.
Залуу гэр бүлтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бөгөөд амьдралын мөчлөгийн хувьд тодорхой хугацаанд хамт амьдарсан гэр бүлүүд учраас гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлууд бага байдаг. Гэсэн хэдий ч энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг тул гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна.
Ахмад насны гэр бүл:
Ахмад настны гэр бүл залуучууд болон дунд насныхны гэр бүлээс нэлээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй ахмадууд цөөн бөгөөд бэлэвсэн ахмадын тоо нэлээд өндөр байдаг онцлогтой.
Ганцаардах, өвчин хуучтай болох, бие доройтох, асрамжид орох, сэтгэц муудах, найз нөхөдгүй болохоос айхын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ төлөө байнга санаа зовдог.
2020 оны судалгааны дүнгээс үзэхэд
- Ахмад настнуудад эрүүл мэнд 18.4 хувь
- Санхүүгийн байдал 20.7 хувь
- Сэтгэл санааны байдал муу байх 10.7 хувь нь хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж байдаг. Тэдний дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийн (58.3 хувь) мөнгөөрөө амьдарч, түүнийгээ ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ 28.7 хувь, эрүүл мэнд 20.4 хувийг зарцуулдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл:
Нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг 20-49 насныхны хувьд гэр бүлийн хосууд хоёул хөгжлийн бэрхшээлтэй өрх 1,782 байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн хувьд тулгуур эрхтний болон бусад бэрхшээлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай тохиолдолд зарим гишүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах байдал бий болдог байна.
Улс дамнасан гэр бүл:
Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягуудын нэг нь улс дамнасан гэр бүл бөгөөд судалгаанд оролцсон 10 өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж. Тэд суралцах (40.9 хувь), ажиллах (5.2 хувь) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “хууль ёсны бус буюу харлаж” амьдардаг байна.
Олон соёлт гэр бүл:
Гадаад улсын иргэнтэй гэр бүл болох хэлбэрийг олон соёлт гэр бүл гэнэ.
Монгол бүсгүйчүүд гаднын иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Мөн монгол хүнтэй гэр бүл болж Монголд амьдарч буй гаднын иргэд ч цөөнгүй болжээ. Соёлын ялгаатай байдал, хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицох байдал нь энэ гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна.
Хамтран амьдрах хэлбэр:
Гэр бүл нь нийгмийн суурь институтийн нэг учраас хөгжлийн явцад тухайн нийгэмд гарч буй өөрчлөлтийг өөртөө шингээж, тусгал нь болж байдаг.
Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ажиглагдаж буй гэр бүлийн нэг хэлбэр бол хамтран буюу гэрлэлтээ батлуулаагүй амьдрах явдал юм.
Хамтран амьдрагчид өөрсдийн эдийн засгийн болон бие физиологийн хэрэгцээг хангах үүднээс ийм байдлаар амьдарч байгаа ч бие биеэ халамжлах, хоол унд хийх зэргээр гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэрээт гэр бүлээс ялгаатай байна.
Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй
Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг байна. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна.
Гэрээт гэр бүл:
Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.
Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна. Тухайлбал, кэйс судалгааны мэдээллээс харахад талуудын нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг.
Тухайлбал дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцөлүүдийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг.