“Канвон 2024” залуучуудын өвлийн олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай улсаас 12 тамирчин олимпод оролцохоор явсан. Манай тамирчдаас биатлоны эрэгтэй, эмэгтэй төрөл болон уулын цанын жаинт слалом төрөлд хурд сорив.
Х.ХАЛИУН ШИНЭ ТҮҮХ БИЧЛЭЭ
Манай улсаас уулын цанын спортоор олимпод уралдсан түүх үгүй. Канвоны залуучуудын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин энэ төрлөөр хурд сорих билээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаснаар нийлбэр дүнгээр 2:36.23 минутын амжилтаар 42-т орлоо.
Энэ төрөлд нийт 76 тамирчин хурд сорьсноос Италийн Жоржиа Колумб 1:41.10-аар алт авч Швейцарийн Шайне Жендер, Шведийн Астрид Хедин нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
БИАТЛОНЧИД СПРИНТ ЗАЙД ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛӨВ
“Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын биатлоны эрэгтэйчүүдийн төрөлд нийт 99 тамирчин өрсөлдлөө. Манайхнаас Б.Сүхбат зургаан сум алдаж буудан тэргүүлэгчээс 5:15.9 минут хоцрон 75-д орсон бол Т.Амарсанаа 78-д (+5:43.2), Б.Тэмүүжин 88-д (+7:40.1) тус тус жагслаа.
Биатлоны эрчүүд 7.5 км-ийн спринт буюу богино зайд уралдсан юм. Энэ төрөлд Францын залуу од Антонин Гай 20:57.7 минутаар түрүүлж Норвегийн Тов Роеслэнд, Францын Флавио Гай нар медалийн тавцанд гарлаа.
Эмэгтэйчүүдийн 6 км-ийн спринт зайд 98 тамирчин ур чадвараа сорьсон. Манай улсаас Д.Нямсүрэн тэргүүлэгчээс 8:30.9 минутаар хоцорч 77-д бичигдсэн бол Х.Эрдэнэтунгалаг (8:36.2) 78-д, О.Оюуцолмон (15:18.6) 90-д жагсав.
Энэ төрөлд Италийн Чарлотте Гаутеро 19:40.2 минутаар манлайлж Словенийн Ела Север, Украины Полина Пуцко нар далбаагаа мандууллаа.