Техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг.
Мөн автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортгийн хэмжээ, урд, хойт болон зогсоолын тоормосны идэвхжил, урьд тэнхлэгийн тохиргоо, урьд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог.
Техникийн хяналтын үзлэгийг суурин болон явуулын 53 төвөөр дамжуулан 2024.01.02-2024.06.20-ны өдрийн байдлаар 455,719 тээврийн хэрэгсэл үзэхээр төлөвлөснөөс 453,253 тээврийн хэрэгсэл буюу 99,4 %-ийн гүйцэтгэлтэй техникийн хяналтын үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан.
Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулахаар хуульчилсан байдаг.
Мөн дараах тохиолдолд дээрх хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна.
Үүнд:
-хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
-урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
-зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
-автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэж, зам тээврийн осол, болзошгүй аюулаас хамгаалж чадах юм.
Тус үйлдвэрийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвүүд нь тухайн тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй бол энэ талаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөвлөгөө өгч дахин хамрагдахад төлбөрөөс чөлөөлөх ба энэ нь тухайн жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангах хүртэл үргэлжилдэг байна. Энэ үйл явц нь тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн тээврийн хэрэгслийг засварын газарт оношилогоо хийлгэх явцыг зарим төвшинд хялбаршуулж өгдөг ач холбогдолтой.
Автотээвэр Үндэсний Төв