Айсуй оны амжилт, бүтээлийг бэлгэдсэн энэ өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас “Энтрепренер 2023” арга хэмжээг зохион байгуулав. МҮХАҮТ-ын Их танхимд болж буй энэхүү ёслолын үеэр Монгол эм импекс концерн /МЭИК/-ийг “Эрүүл мэндийн шилдэг Энтрепренер”-ээр нэрлэлээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ өдгөө 26 дэх удаагаа болж буй бөгөөд шилдэг энтрепренерүүдийг онцлохдоо шинэлэг технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн байдал, зах зээл дэх байр суурь болон улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үздэг.
Түүнчлэн компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлт ч ийнхүү шилдгээр нэрлэхэд нөлөөлдөг билээ. Бид өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар тэр дундаа эм, эмийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэх үйлчилгээг хамгийн хялбараар, тасралтгүй, шуурхай авах боломжийг харилцагчдадаа хүргэхийн тулд үйлчилгээнүүддээ онцгой ач холбогдол өгч ажиллалаа.
Анх 1923 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсоод нэгэн зууныг ардаа үджээ. Энэ хугацаанд Монгол эм импекс концерн /МЭИК/ нь “Элэг бүтэн Монгол”, “Дутуу нярайн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд 10.000 гаруйг нярайг эрсдэлээс хамгаалсан байна. Түүнчлэн цар тахлын үед хүнд нөхцөлд ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд 21 аймгийн салбаруудаараа дамжуулан ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэн тэргүүн эгнээнд ажилласан билээ. Эдийн засгийн хүндхэн жилүүдэд ч нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол, ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар байна.
Монгол эм импекс концерн /МЭИК/ Монгол орны 21 аймаг,, нийслэлийн есөн дүүрэгт нийт 71 салбар нэгж, 500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний тэргүүлэгч ажил олгогч байгууллагын нэг билээ. Удахгүй 2 дахь зууны шинэ хуудсаа эхлүүлэх гэж буй Монгол эм импекс концерн /МЭИК/-ын нийт удирдлагууд, хамт олонд баяр хүргэе.