Мьянмарт босогчид болон цэргийн хунтагийнхан хэдэн долоо хоногийн турш мөргөлдөж байна. Тэгвэл Хятадтай хиллэдэг Лауккай хотыг босогчид хяналтдаа авчээ. Лауккайг хяналтдаа авсан нь босогчдын аравдугаар сард эхлүүлсэн өргөн цар хүрээтэй довтолгооны сүүлчийн ялалт болж байна.
“Лауккай бүс нутаг тэр чигээрээ Мьянмарын цэргийн зөвлөлгүй болсон” гэж босогчид мэдэгдсэн. Харин Хунтагийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун “Арми сайтар бодсоны эцэст бууж өгөхөөр шийдсэн” гэж мэдэгджээ.
Мьянмарын босогчдын холбоо нь 2021 онд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан цэргийн засгийн газарт хамгийн том аюул заналхийлэл болоод буй. Тус холбоонд Мьянмарын Үндэсний ардчилсан эвслийн арми, Таангийн үндэсний чөлөөлөх арми, Араканы арми гэсэн арвин байлдааны туршлагатай гурван бүлэг багтдаг. Босогчдын холбооны төлөвлөлт, зохицуулалт маш өндөр түвшинд байгаа аж.
Лауккай хот орших Коканг муж нь Мьянмарын тайван бус бүс нутаг гэдгээрээ алдартай. Ялангуяа Лауккай хот нь мөрийтэй тоглоом, цахим луйврын үйл ажиллагааны төв юм.
Хятад улс мөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг уриалаад буй. Мөн аюулгүй байдлын эрсдэлтэй хэмээн үзэж иргэдээ Лауккайг орхин явахыг уриалжээ.
Эх сурвалж: REUTERS