Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг хасч, цолыг нь хураалаа гэх мэдээ сүүлийн үед цахим орчинд цацагдаж байна. Тэгвэл М.Бадарч арслангийн гаргасан гомдлын дагуух спортын арбитрын шүүх хурал энэ хоёрдугаар сард болох хуваарь гарчээ. Тус шүүх хурлаас гаргах шийдвэр М.Бадарчийн цаашдын тамирчны замналыг шийднэ.
Саяхан Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас допингийн шинжилгээнд бүдэрсэн Ц.Мөнхбаяр харцага, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, үүнийг нь бөхийн холбооны удирдлагууд хүлээн аваагүй билээ. Өмнө нь спортын арбитраас Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээж байсан түүхтэй.
Халуун намраар эхэлсэн допингийн хэрүүл хахир өвөл ч үргэлжилж эцэст нь хавартай золголоо. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг баяр наадмын зохион байгуулах хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй явна. Магадгүй М.Бадарч спортын арбитрт хандсантай холбоотой биз.
Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь наадмын зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.