Аваргын төлөөх цуврал эмэгтэй хүснэгтийн тэргүүлсэн Эрхэт Тэгри Шагай баг болон хүснэгтийн хоёрдугаар байраар шалгарсан Старс багуудын хооронд болж цуврал дөрвөн тоглолтоор шийдэгдлээ. Тодруулбал, Старс баг 3-1 харьцаатай Эрхэт Тэгри Шагай багийг буулган авснаар М Хөгжлийн Лигийн эмэгтэй анхны аварга багаар шалгарч аваргын цом 30,000,000 төгрөгийн эзэд болсон юм.
Цувралын дөрөв дэх тоглолтыг Старс баг багаараа сайн эхлүүлж эхний үеэс л онооны илүүг аван бүтэн тоглолтын турш илүүрхэн хожил байгуулсан ба тус тоглолтод Старс багаас А.Хонгорзул 28 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлснээс гадна багийн хамтрагчид болох Н.Намуундарь, М.Анужин нар 15-с дээш оноог авч сайн тоглолтыг үзүүлсэн билээ.
Шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогчоор Старс багийн тоглогч М.Анужин тодорсон ба тэрээр шигшээ тоглолтуудад 19.7 оноо, долоон оновчтой дамжуулалт, долоон самбар дунджилсан байна.
М Хөгжлийн Лигийн Аваргаар тодорсон Старс баг болон дэд байр эзэлсэн Эрхэт Тэгри Шагай багууд Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын эмэгтэй хүснэгтийн тав болон зургаадугаар байраар шалгарсан багуудтай дээшээ дэвшин тоглох эрхийн төлөө Плей-ин тоглолт хийх эрхээ мөн авсан юм. Старс баг Үндэсний Дээд Лигт тоглох эрхийн төлөө Баянгол Мон Пон багтай хоёрдугаар сарын 1-ний 15:40 цагт UG ARENA-д тоглох бол Эрхэт Тэгри Шагай багийн хувьд Үндэсний Дээд Лигт тоглох эрхийн төлөө M Winx багтай 13:40 цагт тоглох юм.