УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэх ажлыг хангаж буй. Эдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол нэр дэвших намуудын мөрийн хөтөлбөр. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө нэр дэвших намууд ирэх гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой аж.
Харин бие даан нэр дэвшигчид ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хугацаатай байна.
Дүгнэлт гарсан даруйд тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой. Үүний дараагаар төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм байна. Сурталчилгааны зурагт самбаруудын байршлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө мөн тодорхой заах аж.
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-ний дотор байгуулна.
Хэсэг байгуулсны дараа мэдээллийг гурав хоногийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллага, орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлэх заалттай. Ингэснээр 4-5 дугаар сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хэсгийн хороо, салбар комисс, төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд дөрөвдүгээр сарын 29-нөөр эцэслэгдэнэ. Харин нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 28-ны дотор гаргаж өгөх юм байна.
УИХ-ын сонгуулийн тойргуудыг бүсчилсэн байдлаар томсгон батлаад буй.
Тодруулбал,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 дүгээр тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;
- Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4 дүгээр тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;
- Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;
- Баянгол дүүрэг 9 дүгээр тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;
- Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцож хуваасан билээ.