Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр /2024.01.18/ Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Бизнес хөгжил, инновац, технологи хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх нар оролцож, байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:
-Монгол Улс сүүлийн 8 жилийн хугацаанд хулгай, авлигаа ярьсаар ээлжит сонгуулийн жилтэйгээ залгалаа. Хэд, хэдэн тоо баримтуудыг хүргэе.
Нэг, 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн хулгайтай холбогдуулж, эрх баригч намын 49 хүний нэрийг зарласан. Гэтэл өнөөдөр ЖДҮХС-гаас алдагдсан 99.6 тэрбум төгрөгийн хулгайд хэн хариуцлага хүлээсэн бэ.
Хоёрт, нүүрсний 40 их наядын хулгай. Ардчилсан намаас шаардаж, шаардаж сонсгол явсан. Хэн хариуцлага хүлээсэн бэ. Өөрсдийн гар хөл болсон ганц нэг төлөөний хүмүүс, нүүрсний хулгай, авлигын асуудлаар дуугарсан ярьсан эгэл жирийн шударга хүмүүсээ л хорьсон.
Гурав, Хөгжлийн банкны 2,3 их наядын хулгайтай холбогдуулж, 2022 оны нэгдүгээр сарын 31-нд нийт 34 хүний нэрийг зарласан. Тэндээс өнөөдөр хэд нь хариуцлага хүлээсэн бэ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Дөрөв, Ковидын 20,3 их наядын хулгай. Ард түмнийг улны гэж цоллосон гишүүн энэ их хулгайгаар хариуцлага хүлээсэн үү. Түүний ард байгаа хулгайч нар мөн хариуцлага хүлээсэн үү.
Сонгуулийн тухай хуульд зааснаар хэн нэгний нэр хүндийг унагавал хууль зөрчсөнд тооцож, хариуцлага хүлээлгэнэ. Хулгай хийсэн хүмүүсийн талаар онцлон нэр зааж, дуугарах эрхгүй болгосон гэсэн үг.
Дараагийн хулгай, автобусны хулгай. 328 тэрбум төгрөгөөр БНСУ-аас хуучин автобус авчихаад шахсан нь баригдсан.
Дараагийн том хулгай бол түгжрэл. Улаанбаатар хотод 2 үндсэн асуудал тулгамдчихаад байгаа. Нэгдэх нь түгжрэл, хоёр дахь нь утаа. Гэвч эрх баригч нам “Аз жаргалтай Улаанбаатар хотыг цогцлооно. Бид чадсан. Утаа хэд дахин буурсан, утаагүй Улаанбаатар эргэн ирлээ” гэж худлаа ярьж байгаад “Тавантолгой түлш” компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ 1,1 тэрбум төгрөгийг урамшуулал болгон өгсөн. Хаа байна тэр Аз жаргалтай Улаанбаатар хот нь. Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүнд, хорт хавдраараа мөн дэлхийд тэргүүлж байна.
Нэг нам сонгуульд удаа дараалан ялалт байгуулж, хэт олонхи болсон нөхцөлд улс орон яаж дампуурдгийг харуулсан тод жишээ бол өнгөрсөн 8 жил.
Энэхүү найман жил монголчууд юуг алдсан бэ. Нэг номерт Монгол Улсын нийслэлд байгаа гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломжийг хулгайд алдсан.
Улаанбаатар хотын дөрвөн бүсэд метро барих боломжийг хулгайд алдсан. Ажлын байр бий болгож, аж ахуй нэгжүүдээ дэмжих бүх боломжийг хулгайд алдсан. Монгол Улс хөгжих бус хойшоо ухарсан.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн жил гарлаа. Ард түмэн эдгээр хулгайг хэзээ ч битгий мартаарай. Ард нь байгаа энэ хулгайтай холбогдсон хүн болгон хариуцлага хүлээтэл Ардчилсан нам мэдээллийн цагаараа дуулгах болно гэв.
Ардчилсан намын дэд дарга И.МӨНХЖАРГАЛ:
-Нэг иргэнд ногдох ДНБ-ийн хэмжээ 5800 ам.доллар болсон, инфляц нэг оронтой тоонд хүрсэн, эдийн засгийн өсөлт 6,9 хувь, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан гэж мэдээллээ. Хэрэв эдийн засаг бодитоор өссөөр байгаа юм бол яагаад 10 иргэн тутмын 8-ынх нь амьдрал доройтож байна вэ. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6900 ам доллар орчим байна вэ. Эдгээр нь хоорондоо уялдаж байна уу?
Олон улсын зах зээлд нүүрсний экспортоос олж байгаа орлого өсөн нэмэгдэж байгаа ч бодитоор өрхөд ирж байгаа үр ашиг байхгүй байна. Харин нийт хүн амын 5 хувь дээр тус үр ашиг ирж байна.
Ажлын байр, бизнес эрхлэгчдийн орчин үгүй болж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжих шаардлага бодитоор үүсэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани, Зам тээврийн хөгжлийн үндэсний төв Монгол Улсын төрийн өмч, Засгийн газрын эрх мэдэлд байдаг компани.
Гэтэл нүүрс авчсан тээврийн хэрэгслүүд хэдэн мянгаараа гаалиар бүртгэлгүй, татвараас зайлсхийн гадагш гарсан тухай яригдаж байна.
Гааль, татвар бүхэлдээ Монгол Улсын Засгийн газрын эрх мэдэлд байгаа. Тиймээс нүүрсний хулгай бүхэлдээ Засгийн газрын цэвэр хариуцлага юм.
Бизнес эрхлэгчдийнхээ тухай та нар юу хэлэлцэв, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийн төслийг мөн унагаалаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газар өргөн мэдүүлж улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байна. Ардчилсан намын байр суурь маш тодорхой байгаа. Засгийн газар гэдэг кабинетын зарчмаар ажилладаг. Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНТ эрх баригчдын сонгуулийн сурталчилгааг хийх биш иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэнцвэртэй мэдээлэл өгөө ч ээ гэж шаардмаар байна гэв.