Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр заасан байдаг. Тиймээс хуульд заасны дагуу нийслэлд иргэн 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв болон тосгонд 0.5 га, Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/ 0.07 га хүртэлх хэмжээний газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй.
Хэрэв хотын харьяат иргэн орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газар өмчлөх эрхийн хасалт хийлгэсэн бичиг аваад аймагт, эсвэл суманд газар өмчилж авах бүрэн боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 46 мянган иргэн орон нутагт газар өмчлөхөөр нийслэлд газар өмчлөх эрхээ хасуулсан байна.Орон нутагт газар өмчлөх нь газрын талбай нийслэлийнхээс илүү том бөгөөд байршил, орчин нь уян хатан байдаг аж.
Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг заасан тул 18 нас хүрээгүй хүүхэд ч гэсэн газар өмчлөх эрхтэй гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргал хариулж байна.