Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны салбар тэр дундаа Улаанбаатар хотын усны асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал хөтөлбөрийн талаар Сангийн дэд сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ер нь Мянганы сорилтын Компакт гэрээ гэж чухам юу вэ. Бусад олон улсын гэрээнээс юугаараа ялгаатай вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Монгол Улс, АНУ-ын түншлэл, олон талт хамтын ажиллагааны нэг бодит биелэл болон хэрэгжиж буй энэ чухал хөтөлбөрийн тухай онцолж ярилцахдаа таатай байна. Компакт гэрээний тухай ярихаас өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорацын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Мянганы сорилтын корпорац бол хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой АНУ-ын Засгийн газрын хөгжлийн агентлаг юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Мянганы сорилтын корпорацын 20 жилийн ой тохиосон.
Энэ хугацаанд тус корпорац дэлхийн 47 оронд нийт 17 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгож, энэ хөрөнгө оруулалт нь дэлхий даяар 300 сая гаруй хүний ахуй амьдралд үр өгөөжөө өгч байна гэсэн судалгаа гарсан байна билээ.
Монгол Улсын хувьд Мянганы сорилтын корпорацтай 2007 оноос түншилж, одоо хоёр дахь Компакт гэрээгээ хэрэгжүүлж байна. Бусад олон улсын хөтөлбөрүүдээс ялгарах гол онцлогийг дурдвал, юуны өмнө Компакт гэрээгээр олгож буй санхүүжилт нь Америкийн татвар төлөгчдөөс үзүүлж буй буцалтгүй тусламж. Тэр ч утгаараа чамгүй хатуу шалгуур, шаардлага хангасан орнуудтай энэ гэрээг байгуулж, хэрэгжилтийн явцад ч мөн өндөр хяналт тавьдаг. Мөн түүнчлэн, Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг сонгохдоо тодорхой аргачлалыг баримтлан, тоо мэдээлэл, нарийвчилсан судалгаа тооцоон дээр үндэслэж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй томоохон асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэг. Цаг хугацааны хувьд Компакт гэрээ маш хатуу нөхцөлтэй, хүчин төгөлдөр болсноос хойш яг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусах ёстой гэдгийг мөн дурдах нь зүйтэй.
-Дээр дурдсанчлан Монгол Улс хоёр дахь удаагаа Компакт гэрээ хэрэгжүүлж байна. Энэ удаагийн Компактаар ямар үйл ажиллагаа явуулж, ямар үр дүнд хүрэхээр зорьж байгаа вэ?
Өмнө хэлсэнчлэн Мянганы сорилтын корпорац эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой. Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг үр нөлөө өндөртэй, оновчтой байлгахын тулд эхлээд манай улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийг нарийвчлан судалж, судалгааны үр дүнд үндэслэн төсөл хөтөлбөрөө сонгосон.
Ингэхдээ нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг, улсын эдийн засгийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг хангах нь нийслэл төдийгүй, улс орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нэн чухал хөрөнгө оруулалт болно гэсэн шийдэлд хүрсэн.
-Тэгэхлээр энэ хөтөлбөр яг таван жилд багтаж хэрэгжих ёстой байх нь. Хөтөлбөрийн хүрээнд ямар бүтээн байгуулалт, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ?
-Усны Компакт гэрээ АНУ-ын МСК-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 461.76 сая ам.долларын санхүүжилтээс бүрдэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийн хоёр, бодлого зохицуулалтын нэг, нийт гурван томоохон төслөөс бүрдсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Биокомбинат, Шувуун фабрик орчимд ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд байгуулж, Сонгинохайрхан уулын бэлд Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байна. Энэ бол Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл юм. Шинэ эх үүсвэр жилдээ 50 сая хүртэлх шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Хоёр дахь буюу Хаягдал ус дахин боловсруулах төслөөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам сүлжээ, дэд бүтцийн хамт байгуулна. Энэ үйлдвэр шинэ ТЦБ-аас гарах хаягдал уснаас өдөрт 50 мянган шоо метрийг хүлээн авч, дахин боловсруулаад зарим ДЦС-ын техникийн хэрэглээнд нийлүүлэх юм. Өөрөөр хэлбэл одоо газрын гүний, цэнгэг ус ашиглаж байгаа ДЦС-ууд техникийн хэрэглээндээ дахин боловсруулсан ус ашигладаг болно. Ингэснээр жилдээ 18 сая шоо метр хүртэл цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэнэ гэсэн үг. Гурав дахь нь Компакт гэрээгээр байгуулсан дээрх дэд бүтцүүдийн тогтвортой ажиллагааг хангаж, хөтөлбөрийн үр ашгийг урт хугацаанд хадгалахад чиглэсэн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд бараг гурав дахин өссөн. Тэр хэрээр эдийн засаг тэлж, айл өрхийн ч, албан байгууллага, аж ахуйн нэгжийн ч усны хэрэглээ төдий чинээ нэмэгдсэн. Хүн амын өсөлтийг эдийн засгийн өсөлтийн чиг хандлага, тооцоо, төсөөлөлтэй уялдуулаад бодоход цаашид ч тасралтгүй нэмэгдэнэ. Усны эрэлт нийлүүлэлтээсээ буюу одоогийн боломжит нөөцөөсөө давах эрсдэл үүсч эхлэнэ гэсэн үг. Усны Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлснээр бид ийм нөхцөл байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахаар зорьж байгаа юм шүү дээ. Дээр нь, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, шинэ дагуул хотууд байгуулах нэг суурь нөхцөлийг бий болгож байгаагаараа өнөөдөр бидний хувьд тулгамдаад байгаа агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлж буй алсыг харсан хөрөнгө оруулалт. Төсөл хэрэгжиж дууссанаар, Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн хүчин чадал 80 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
-Усны Компакт гэрээ хэрэгжиж дуусахад хэр хугацаа үлдсэн бэ?
-Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, таван жилийн хугацаа тоологдож эхэлсэн. Энд яригдаж байгаа бүх төсөл хөтөлбөрийг бид 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өгөгдсөн хугацаа маань талаасаа өнгөрч байна гэсэн үг. Энэ 2024 онд бүх бүтээн байгуулалтын ажлынхаа дийлэнхийг нугалж авах төлөвлөгөөтэй хамгийн чухал жил. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Мянган сорилтын сан цаг хугацаа, эрсдэл, боломжоо нарийн тооцоолон холбогдох яамд, төрийн байгууллагууд, гэрээлэгч, гүйцэтгэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Саяхан АНУ-ын МСК-ын Дэд ерөнхийлөгчийн орлогч ноён Жонатан Брүүкс манай улсад ажлын айлчлал хийж, холбогдох хүмүүстэй уулзаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг саадгүй явуулах, болзошгүй эрсдэлүүд, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай санал шийдлүүдийг хэлэлцээд буцсан. Хоёр тал Компакт гэрээг амжилттай, цаг хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж байгаа.
-Хөтөлбөрийн хүрээнд хоёр томоохон дэд бүтцийг бий болгож, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулж байгаа юм байна. Бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Биокомбинат, Шувуун фабрикт нийт 30 гүний худаг гаргаж, олборлосон усыг Сонгинохайрхан уулын бэлд барьж байгаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт дэвшилтэт технологиор Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлж гүн цэвэршүүлээд, төвийн шугамд нийлүүлнэ. Эх үүсвэрийн худгууд, шугам хоолойн барилга угсралтын ажил 2022 оны намар эхэлсэн, Израилын “Баран групп” компани хариуцан ажиллаж, 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Бүгд Найрамдах Турк Улсын “МАПА” компани хариуцан гүйцэтгэж байгаа. Шавыг нь 2021 оны намар тавьж байсан үйлдвэрийн маань бүтээн байгуулалтын ажил 2023 оны эцсийн байдлаар 54 хувьд хүрсэн байна.
Хоёр дахь үйлдвэр буюу Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдаж байгаа. Үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил нийт 28 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлыг манай үндэсний Эм-Си-Эс пропери компани гүйцэтгэж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-ууд руу дахин боловсруулсан ус дамжуулах системийн ажил мөн үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцээд явж байгаа.
-Энэ их хөрөнгө оруулалтаар бий болсон том бүтээн байгуулалт үр дүнгээ өгч тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд ямар ажил хамгийн чухал байгаа вэ? Үйлдвэрүүдийн ашиглалтыг ямар байгууллага хариуцах вэ?
-Компактын хүрээнд бүтээн байгуулж байгаа нийт барилга байгууламжуудыг Ус сувгийн удирдах газарт хүлээлгэн өгнө. Таны асууж байгаа хөтөлбөрийн үр шимийг урт хугацаанд тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор усны салбарын хууль эрхзүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, ус ашиглалтын байгууллага буюу УСУГ-ын үйл ажиллагааг дэмжих, хүний нөөц, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх дэд үйл ажиллагаануудыг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудыг 2025 оныг дуустал Нидерланд Улсын ус ашиглалтын байгууллагуудтай хамтарсан сургалтад хамруулах, туршлага судлахад дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, усны зохистой хэрэглээг төлөвшүүлэх зан зүйлийн өөрчлөлтийн кампанит ажлаас эхлээд гэр хорооллын усны үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг сайжруулахаар 180 ус түгээх байр/худгийг долоо хоногийн 24 цагийн ажиллагаатай болгож автоматжуулах “Ухаалаг худаг”-ийн дэд үйл ажиллагааг хүртэл энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
-Усны талаар ярихад Улаанбаатар хотыг ундаалж буй Туул голын бохирдлын асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хөтөлбөрт үүнтэй холбоотой үйл ажиллагаа тусгагдсан уу?
-Улаанбаатар хотын оршин суугчдын анхаарлын төвд байгаа Туул голын бохирдлыг бууруулахад том хувь нэмэр оруулах нэг чухал үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Мянганы сорилтын корпорац буцалтгүй тусламж олгохдоо тухайн улсын Засгийн газарт урьдчилсан болзолт нөхцөлүүдийг биелүүлэх шаардлага тавьдаг. Монгол Улсын Засгийн газарт тавьсан шаардлагуудын нэг нь үйлдвэр, аж ахуйн газруудаас ТЦБ-д нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлын хэмжээг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэж бууруулах “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г боловсруулан баталж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд хаягдал усаа нийлүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн газруудыг урьдчилан цэвэрлэх байгуулах суурилуулах шаардлага тавьж байгаа. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирдлын ачаалал багасаж, стандартын шаардлага хангасан цэвэрлэсэн усыг байгальд нийлүүлснээр бидний, бидний үр хүүхдийг үе дамжин ундаалах Туул голын бохирдол багасна гэсэн үг.
-Одоо нөгөө арьс шир, мах хүнсний гээд үйлдвэрүүдээс гарч байгаа бохир усыг цэвэрлэх асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой ажлууд мөн хэрэгжиж байгаа гэсэн үг үү?
-Тийм, энэ төлөвлөгөөний дагуу үйлдвэртээ урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулсан, суурилуулж байгаа үйлдвэрүүд цөөнгүй бий. Хэдийгээр өнөөдөр өртөг зардал өндөр мэт харагдаж болох ч нийгмийн хариуцлагын хүрээнд ч, ирээдүй хойчийнхоо төлөө ч төлөвлөгөөний хэрэгжилтэд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх гарын авлага боловсруулах, сургалтын материал бэлтгэх, хаягдал усны стандартыг шинэчлэх, хаягдал устай холбоотой бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн Усны өгөгдлийн удирдлагын систем хөгжүүлж, нэвтрүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлж байгаа. Түүнээс гадна усны чанарын хяналтын лаборатори шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, чадавхыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцаж буй Засгийн газрын ажлын урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай үйлдвэрүүдийн жагсаалтыг гаргаж, албан шаардлага хүргүүлж, цаашид ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг хязгаарлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
-Монгол Улсын Засгийн газар Компакт гэрээгээр тодорхой үүрэг хүлээж байгаа талаар дурдлаа. Үүнийг тодруулаач?
-Компакт гэрээгээр манай Засгийн газар нэг удаагийн болон тодорхой давтамжтай тайлагнах нийт 40 урьдчилсан болзолт нөхцөл биелүүлэх үүрэг хүлээж байгаа. Миний тэргүүлж байгаа Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, ГХЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөлөл багтаж, эдгээр үүргийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч явдаг. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн нэг чухал үүрэг нь одоо барьж байгаа шинэ ТЦБ-ийг хугацаанд нь буюу 2025 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулах. Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр шинэ ТЦБ-аас гарах цэвэрлэсэн уснаас авч дахин боловсруулаад ДЦС-уудад нийлүүлэх ёстой. Тэгэхээр шинэ ТЦБ-ийн ашиглалтад орох хугацаа хоцорвол Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа дагаад хойшилно гэсэн үг. Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс шинэ ТЦБ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй нягт хамтран ажиллаж байна. Түүнээс гадна манай Засгийн газар өөрийн зүгээс гаргахаар амлалт өгсөн 111.76 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрт нь улсын төсөвт суулгаж, төсөл хөтөлбөрт зарцуулахаас гадна Компактын хүрээнд барьж байгуулж байгаа үйлдвэрүүдээ цахилгаан, дулаанаар хангах үүрэг хүлээж байгаа. Энэ үүргийг Засгийн газар цаг тухайд нь, амжилттай биелүүлж яваа.
-Цаг зав гарган дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
–Ус бол амьдралын эх булаг. Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаадаа би их билэгшээж байгаа. Ингээд нийт Улаанбаатарчууддаа жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе.