Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах гэнэ. Одоо шинээр худалдан авсан 500 автобус гражинд байгаа аж. Иргэдийн зүгээс шинэ автобусаа үйлчилгээнд гаргахгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж буй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар мэдээлэл өгөхдөө “Шинээр худалдан авсан 500 автобусаа үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирно, төлбөрийн картны систем суулгаж гаргана. Одоогийн байдлаар хувийн хэвшлээс шинэ 115 автобус иргэдэд үйлчилж байна. Нэг л асуудал байна. Тэр нь жолооч. Нийслэлийн орон нутгийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарвал 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Өнөөдрөөс эхлэн холбогдох байгууллагуудтай ажилла.
Хоёрт, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг өнөөдрөөс бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгана. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргая. Цалин 3.5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллана.
Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна. Тэгэхээр жолооч одоо байгаагаас гурав дахин их хэрэгтэй байна. Нийтийн тээврийн автобусны гаралтыг гуравдугаар сарын 15-н гэхэд 1200 болгоно. Шинэ автобусыг компаниудад гэрээлж өгсний үр дүнд нийтийн тээврийн санд таван тэрбум төгрөг цугларсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан автобусыг үнэгүй бус эргэн төлөгдөх нөхцөлтэй өгдөг болсноор ийм хэмжээний мөнгө цугларч байна. Оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээний төрлийг нэмнэ. Оны хагас гэхэд богино автобус захын чиглэлээр тендер зарлаж, хийнэ. Таксины тендерийг Түгжрэлийн хуулийн дагуу зохион байгуулна” гэсэн юм.