Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 22, 23 дугаар тогтоолоор батлагдсан дараах хотын стандартын танилцуулгыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Уг стандартууд нь төлөвлөх, гүйцэтгэх, хүлээн авах, ашиглалтын үе шатуудад мөрдөгдөнө.
Хогийн сав:
Хогийн сав нь ногоон, саарал өнгөтэй байх ба дан, хосолсон, олон төрлийн, тамхи татах гэсэн дөрвөн төрлийн ангилалтай байдаг. Хог цуглуулах хэсгүүд нь цаасан, дахивар, бусад зэрэг хог хаях зориулалтыг заасан стандарт мэдээлэх тэмдэгтэй байна.
Сандал:
Сандлыг тууш үргэлжилсэн явган замын 50-100м тутамд байрлуулна. Тэлэгч боолт ашиглан газарт хөдөлгөөнгүй бэхэлнэ. Монгол орны цаг уурын нөхцөл байдалд нийцсэн хайрч, жиндүүлэхгүй модон материалаар хийвэл нэн тохиромжтой.
Саравч:
Нийтийн эзэмшлийн саравчийг хүн амын төвлөрлийн тоо хэмжээтэй уялдуулан төлөвлөнө. Жишээ нь хотын цэцэрлэгт хүрээлэнд 1га тутамд 100 хүн үйлчлүүлэхээр байрлуулна. Талбайн өргөн 0.9м, нэвтрэх хаалганы өндөр 2.1м, урт нь 1.5м-ээс багагүй байна.
Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар:
Хөшөөний материал хийцээс шалтгаалж тогтмол хугацаанд тохирсон бодисоор цэвэрлэнэ. Бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй байдлыг хангах зорилгоор засвар үйлчилгээ, цэвэрлэгээг бүтээгчийн өгсөн зөвлөмж, зааварчилгыг баримтлан тогтмол хийнэ.
Чийрэгжүүлэх талбай:
Чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд төлөвлөн байршуулна.
Дасгал хөдөлгөөний үед мөргөлдөх эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүйн зай хэмжээг баримтлан байршуулна. Элэгдэл болон осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийнэ.
Хашаа хайс:
- Ерөнхий боловсролын сургууль: 1.2м-ээс дээш
- Хүүхдийн цэцэрлэг: 1.6м
- 2,3 дугаар шатлалын эмнэлэг халдварт болон сэтгэцийн эмнэлгээс бусад нь: 1.6м
- Цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн: 1.6м-2м
- Авто зам тусгаарлах зориулалтын хайс: 0.75-1.1м
- Явган зам тусгаарлах хайс: 0.75м хүртэл байна.
Эх сурвалж: ikon.mn