Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж буй аж.
Тус анги 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны аравдугаар сарын 13-нд Парис хотноо гарын үсэг зурсан байна.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах аж.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзэж буй аж.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь зээлийн хэлэлцээрийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэнээр батлагдлаа.