Талбайн теннисний Ролан Гарросын Их дуулгын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт Сербийн алдарт теннисчин Новак Жокович болон Норвегийн залуу теннисчин Каспер Рүүд нарын хооронд Парис хотноо явагдаж Н.Жоковичийн 7-6, 6-3, 7-5 харьцаатай ялалтаар өндөрлөв. Ингэснээр Н.Жокович эрэгтэйчүүдийн Их дуулгад хамгийн олон удаа түрүүлсэн амжилтын эзэн боллоо.
Тэмцээн эхлэхийн өмнө дэлхийн чансаагаараа гуравт бичигдэж байсан бол энэ долоо хоногт шинэчлэгдэх чансаагаар дахин тэргүүлэхээр болж байна. Ийнхүү тэрбээр дэлхийн чансааг 388 долоо хоног тэргүүлэхээр болж буй нь бас нэгэн өвөрмөц амжилт болох юм. Ролан Гарросын цомоо өргөснийхөө дараа Н.Жокович хэлэхдээ “Би 23 удаа түрүүлж чадсандаа өөрийгөө их азтай гэж бодож байна. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байна. Миний тоглолтын үзэж байгаа хүүхдүүд, залууст хандаж хэлэхэд өмнөө тавьсан зорилгынхоо төлөө эцэж цуцахгүйгээр зүтгэ. Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж яг одоо цаг үе дээрээ л амьдрах хэрэгтэй шүү” гэв. К.Рүүдийн хувьд сүүлд тоглосон таван их дуулгын тэмцээний гуравт нь ийнхүү шигшээ тоглолтонд шалгарсан хэдий ч түрүүлж хараахан чадаагүй байна. 2022 оны Ролан Гарросын шигшээд Р.Надальд хожигдсоноор Р.Надаль өөрийн 22 дахь түрүүгээ хүртсэн бол мөн оны Америкийн нээлттэй тэмцээний финалд Испанийн К.Алкаразт тус тус хожигдож байв. Тоглолтыг Америк хөлбөмбөгийн алдарт тамирчин Том Брэйди, Францын хөлбөмбөгчин Мбаппе, Жирү, Т.Хэрнандез болон Шведийн алдарт хөлбөмбөгчин Ибрахимович болон бусад олны танил хүмүүс үзэж сонирхсон байна.