Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан илгээлтийг хүргэж байна.
НҮБ: Хэвлэлийн эрх чөлөө хүний эрхийн амин сүнс гэдгийг бидэнд дахин сануулж байна
Дэлхий нийтээр бид сүүлийн 30 жил сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирлээ. Энэ өдөр бидний эрх чөлөө хэвлэлийн эрх чөлөөнөөс хамаардаг гэдэг суурь үнэнийг онцолдог.
Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилал, шударга ёсны үндсэн суурь байдаг бөгөөд энэ утгаараа бид бүгдэд санал бодлоо илэрхийлэх, төр засагтаа болоод эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхэд шаардлагатай бүх баримтыг өгдөг. Энэ жилийн сэдэв ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө хүний эрхийн амин сүнс гэдгийг бидэнд дахин сануулж байна.
Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна. Худал мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэг нь үнэнийг гуйвуулж, бодит баримт ба зохиомж, шинжлэх ухаан ба нууц хуйвалдаан хоорондын заагийг бүдгэрүүлж байна.
Хэвлэл мэдээллийн салбар цөөн хэдэн хүний гарт төвлөрч, бие даасан хараат бус мэдээний агентлаг байгууллагууд санхүүгийн чадавхгүй болж, сэтгүүлчдийг барих нухчин дарах гэсэн хууль дүрэм журам нэмэгдэж байгаа нь олон нийтийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг улам бүр хязгаарлах, хяналт тогтоохыг оролдож байна.
Үүний зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зүй бус үйлдлийн шууд бай болж, ажил үүргээ гүйцэтгэж байхад нь тэднийг олон нийттэй харьцах боломжгүй болгож, байнга хавчин хяхаж, сүрдүүлж, хорьж саатуулж, шоронд хийж байна.
Өнгөрсөн 2022 онд хамгийн багадаа хэвлэл мэдээллийн 67 ажилтан амь насаа алдсан нь өмнөх онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн нь үнэхээр итгэмээргүй юм. Түүнчлэн эмэгтэй сэтгүүлчдийн 75 хувь цахим орчинд хүчирхийлэлд өртсөн бол дөрвөн эмэгтэй сэтгүүлч тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.
НҮБ-аас хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг үүсгэсэн гэмт хэрэгт ял, цээрлэл хүлээлгэхгүй байхын тулд Сэтгүүлчдийн аюулгүй байдлын үйл ажиллагааны хөтөлбөрийг 10 жилийн өмнө баталсан.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр төдийгүй жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж нэгэн дуугаар сэтгүүлчдийн эсрэг:
- Аюул занал, дайралтыг
- Ажил үүргээ гүйцэтгэсний нь төлөө барьж, шоронд хорихыг
- Худал мэдээлэл тараах, эсвэл мэдээлэл авах боломжийг хаахыг
- Үнэнийг, мөн үнэнийг хэлдэг хүмүүсийг онилж бай болгохоо зогсоохыг уриалъя. Сэтгүүлчид үнэний төлөө зогссоноор дэлхий тэдэнтэй хамт байна.