“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулахаар хугацаа товлосон нээлттэй сонсгол хуулийн байгууллагын хяналт шалгалтад саад учруулж болзошгүй гэсэн шалтгаанаар хойшилсоор байгаад иргэд олон нийт бухимдаж эхлээд байна.
Тодруулбал, хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол хэлбэрээр зохион байгуулагдахаар товоо зарласан байсан.
Гэтэл АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас нүүрсний хэргийг хянах Түр хорооноос энэхүү нээлттэй сонсголыг хойшлуулж байгаагаа мэдээлсэн.
Тэгвэл энэхүү мэдээлэл нь зарим иргэдийн дунд Түр хорооныхон өөрсдөө энэ хэрэгт хойрго хандах, хойшлуулах шалтгаан гарсан уу гэсэн хардлагыг төрүүлээд байна. Учир нь, Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны дарга Г.Ганболд “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалах, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалах ажлыг идэвхтэй хийж байгаа хүмүүсийн нэг гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд тархаад байгаа аж.
“Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хувьд, өмнө нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ шалгаж байсныг иргэд мэднэ. Тиймээс улс төрийн хүрээнд энэ мэт шум дэгдээд байгаа нь Түр хорооны гишүүдийг хардахад хүргээд байгаа аж.
Ямартай 70 гаруй хүн шалгагдаж байгаа гэх нүүрсний хэрэг шударга зарчмаар шийдэгдээсэй гэсэн хүлээлттэй байгаа олон хүнд Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо 13 гишүүнтэй байгуулагдсан гэдгийг дахин сануулаад, сонгуулийн сураг чимээ ойртож буй энэ өдрүүдэд нээлттэй сонсголыг тун удахгүй зохион байгуулж, Монголын ард түмэн, хүүхэд залуусын ирээдүйн боломжоос хулгайлсан урт гартнуудад хариуцлага тооцох болов уу гэсэн найдлага тавин хүлээж байгааг дахин уламжилъя.
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй хэргүүдийн явцын талаарх мэдээлэл, хариуцлага тооцсон иргэн аж ахуй нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээллэхийг иргэд дахин шаардсаар байна.
Нөгөөтэйгүүр, хамгийн анхны нээлттэй сонсголоор Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд дотооддоо хяналт, шалгалт зохион байгуулсан. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой мэдээлэл, баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа.
Манайх 18 гаалийн газрыг хянаж ажилладаг. Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна” хэмээн мэдээлж байсан. Тиймээс тоо хэмжээнээсээ илүү гарсан, бүртгэл хийгдээгүй 1 сая тонн нүүрснийхээ хулгайчдыг олж илрүүлэх ажлын явц ямар шатандаа явааг нээлттэй сонсголд дахин мэдээллэхийг хүсэж байгаа юм.
Мөн гаалийн байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч албатай хоёр алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс энэ хэргийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэдгийг нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөл ч бас хэлж байв.
АТГ-ын дарга З.Дашдаваа “Нүүрсний гэх тодотголтой Эрүүгийн 32 хэргийг Цагдаагийн байгууллага болон АТГ шалгаж байна. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудал АТГ-т ирсэн байгаа. Оффтэйк гэрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэргэжлийн нарийн шинжээч томилно. Шинжээч томилогдсоноор энэ гэрээг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг дүгнэнэ.
Мэргэжлийн экспертүүдийн баг ажиллана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана. Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана” хэмээн хэвлэлийнхэнд дуулгаж байсан.
Ямартай ч өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт ялагдагчаар татагдсан гэх 50 хүн мэдүүлэгээ өгч, энэ хэргийн сэжүүрийг илүү тодорхой болгосон байх учиртай. Тиймээс нээлттэй сонсголын хугацааг дахин товлож, нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй 76 хүний хяналт шалгалтын явц хэрхэн явж байгааг иргэд, олон нийтэд мэдээллэхийг хүлээж байна.
Түр хорооноос өмнө нь товлосон хугацаагаар бол нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах байв.
Нүүрсний хэрэг, нээлттэй сонсгол хоёр хаана очоод гацчихав, Х.Нямбаатар сайд аа?