“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ.
Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу хаалттай хуралдаж, Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайланг хэлэлцсэн юм.
Сонсголын тайлангийн дараа Түр хорооны хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэн “Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.