Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил бүр буураад байгаа билээ. Энэ нь манай улсын эдийн засагт халгаатай учраас хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх талбайг tender.gov.mn сайтаар дамжуулан олон нийтэд нээлттэй зарласан нь төрөөс хийж буй дорвитой ажлуудын нэг болоод байна.
Учир нь, эдийн засаг, иргэдийн амжиргаа элгээрээ мөлхсөн энэ үед уул уурхайн салбартаа бид илүүтэй найдлага тавьж байгаа нь нууц биш. Тэр утгаараа Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг үзэх, улсын хэмжээнд нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдний туршлага мэдлэг, техник технологийг нь тухайн сум орон нутгийн хөгжилд, ард иргэдийн амжиргаа, ажлын байр, цаашлаад улс орны хөгжил, төр, иргэн хоёртоо ашигтай байх ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Цар тахлаас хойш үнэндээ иргэдийн амжиргаа, эдийн засгийн өсөлт улам уруудаад байгааг бид иргэдийн амьдрал, энэ талаарх тооцоо судалгаанаас тодорхой харж болно. Гэтэл эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбартаа бид гадны хөрөнгө оруулагчдыг татах бус харин ч эсрэгээрээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг хөөсөн туусан, үргээсэн гэх мэдээ чих дэлсэх нь их болсон. Үүнийг бид уул уурхайн салбарын тооцоо судалгаанаас ч харж болно.
Тухайлбал, уул уурхайн салбарт хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын нийт зардал 2018 оноос хойш тасралтгүй буурсаар байгааг Ашигт малтмал, газрын тосны тайланд дурьджээ.
2021 онд геологи хайгуулын ажилд 102 тэрбум төгрөг зарцуулсан нь 2020 оноос 16 хувиар, 2019 оноос 32 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2022 онд хайгуулын ажилд зарцуулсан нийт зардлын тооцоолол хараахан гараагүй байна.
Өнгөрсөн онд Ашигт малтмал, газрын тосны газар нийт хайгуулын ажлын 874 тайлан хүлээн авсан нь 2021 оныхоос мөн 10 орчим хувиар буурчээ. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо өнгөрсөн жилүүдэд буурч, хөрөнгө оруулалт багасаж байгаатай шууд хамааралтай болохыг тайланд онцолсон байна.
Тиймээс салбарын яамнаас эрдэс баялгийн салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах, төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох ажлын хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг цахимжуулсныг энд дахин онцолж, алга ташин баяр хүргэмээр байгаа юм. Учир нь энэ ажил нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол орны уул уурхай, геологийн салбарын ерөнхий мэдээллийг дэлхийн хаанаас ч үзэх боломжийг олгож байна. Дээрээс нь төрд гацдаг олон ажлыг хөнгөвчилжээ.
Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулснаар өмнө нь 300 гаруй хуудастай цаасан материал бүрдүүлдэг байсныг өөрчилсөн байна. Цаг хугацааны хувьд ч бас өмнө нь 45 хоног хөөцөлддөг байсан тусгай зөвшөөрлийг 7-10 хоногт амжуулдаг болсон гэх нааштай мэдээлэл бас байна.
Тоон мэдээллээс харахад, тусгай зөвшөөрлийн хамаарах талбайн хэмжээг авч үзвэл, 2005 онд Монгол орны нутаг дэвсгэрийн 44 хувь байснаас 2021 онд 2.9 хувь болж багасажээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд ойролцоогоор 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Харин 2021 онд 109 тусгай зөвшөөрөл олгосон ч сүүлийн жилүүдэд хайгуулын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн нөөцийг өсгөх гол салбар зогсонги байдалтай байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрлын тоо буурсантай ч бас уялдаа холбоотой юм. Тиймээс тусгай зөвшөөрөл олгох ажлыг цахимжуулснаар жилд олгогдож байгаа тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ. Уул уурхайн салбарын эдийн засагт одоо оруулж байгаа нөлөө мөн хэд дахин нэмэгдэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Эдийн засагт эерэг үзүүлэлттэй мэдээлэл гэвэл, Монгол Улс 2022 оны 11 дүгээр сарын 23-наас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлснээс хойш нийт 70 гаруй зөвшөөрөл олгоод байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлжээ.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 2.6 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ бол өнөөх олон давтамжтай яриад буй “цахим шилжилт”, цахим ажлын үр дүн юм.
Хууль сул байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болдог
Хоёрдугаарт, энд дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь монголчууд бид жалга довны үзэл ярьж олон хуваагддаг. Хэн нэгнийг гадаад дотоод, танай, манай тал гэж талцаж хуваагдсаар, нэгдсэн нэг бодлогоор улс орноо хөгжүүлж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ нь ч үнэний ортой юм. Энэ зангаасаа болж бид гадны хөрөнгө оруулагчдад хүйтэн хөндий ханддаг. Нутаг орноосоо мод чулуу бариад хөөчихдөг гэм биш зан бий. Үүнийгээ бид засахгүйл бол гадны хөрөнгө оруулагчид биднээс нүүр буруулсан хэвээр байх болно.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ярихаар иргэдийн дургүйцлийг хүргэдэг нэг асуудал бий. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сум орон нутагтаа өгөөжгүй, хүн мал, байгаль орчиндоо халгаатай байсаар ирсэн.
Учир нь, гадаад дотоод гэлтгүй уул уурхайн салбарт хайгуулын ажил хийж байгаа компаниуд тухайн сум орон нутгийнхаа газрын баялагийг нь ашиглачихаад, нөхөн сэргээлт хийдэггүй, эзэнгүй цөл шиг сэндийчээд хаяад явчихдаг учраас иргэд бухимддаг. Энэ асуудал нь гадны хөрөнгө оруулагчдад таагүй хандах шалтгаан болдог.
Иймд эдийн засгаа сэргээж, иргэдийнхээ амжиргааг дэмжье гэвэл уул уурхайн бодлого, үйл ажиллагаандаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тухайн сум, орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөжийг нь тооцоо судалгаатай, тодорхой тусгаад өгчихвөл хаа хаанаа ойлгомжтой, хууль эрхзүйн хувьд ч тодорхой, үйл ажиллагаа нь ч тогтвортой явах үндэс бүрдэнэ. Энэ нь алсдаа “Хөдөөгийн сэргэлт” бодлоготойгоо уялдаж, төр иргэн хоёртоо өгөөжтэй байх болно гэдгийг дахин тодотгомоор байна.