Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
Энэ үеэр нийслэлийн өмчид буй “Эрдэнэс Баянбогд” ордын асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: “Эрдэнэс Баянбогд”-ын 66 хувийг нийслэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэг, нууцлагдмал ордтой болсон. УИХ-ын гишүүн хүртэл тэр мэдээллийг олж авахад хүндрэлтэй байгаа. Энэ бол Монголын ард түмний өмч.
Стратегийн баялаг бүхий “Эрдэнэс Баянбогд”-ыг яагаад нийслэлийн өмчид шилжүүлчихсэн юм бэ. Нөөц нь тодорхойлогдоогүй асуудлыг нийслэл рүү шилжүүлээгүй байгаа даа гэсэн бодол төрдөг. Нийслэлийн 2-3 төслийг хэрэгжүүлэх жижиг орд биш. 10-15 метро барих хэмжээний ашиг олохоор том орд юм.
Хотын дарга нар гадаад улс оронд очоод “Эрдэнэс Баянбогд”-ын геологийн нөөцийг үзүүлж томоохон төсөл хэрэгжүүлэх талаар яриад явдаг.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Баянбогд”-ын өмчлөл 2021 онд хийгдсэн. Байгалийн хэвлийн баялаг ард түмэнд үр өгөөжөө өгдөг байх гэсэн баримтлалд нийцэж байгаа эсэхийг Засгийн газраас хэлэлцээд явж байна.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Тус орд нь А зөвшөөрлөө аваагүй. Нөөц нь Эрдэс баялгийн зөвлөлөөр ороогүй гэсэн үг.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: ЖОРК стандартаар батлагдсан геологийн тайлан байгааг бүгд мэднэ. Нарийвчилсан хайгуулыг нийслэлийн төсвөөр хийж байна. Хамгийн гол нь хайгуулын баталгаажуулалтад гадаадын компаниуд нууцын гэрээтэй хяналт тавьж байгаа гэсэн.
Ер нь олон улсын хэлэлцээр хийхэд ЖОРК стандартын тайлан барьж ярьдаг. Үүнийг МҮОНРТ-ээр өнгөрсөн зунжин үзсэн.