Нийтийн Тээврийн Газраас автобусны чиглэлүүдийн дахин төлөвлөлтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгч байна.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн 71 чиглэлийг эргэсэн сэргээсэн талаар өчигдөр шөнө мэдээлэл хүргэсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг бүрэн шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу зарим чиглэлийг эргэн сэргээх арга хэмжээ авч эхэлсэн. Нийтийн тээврийн чиглэлийн 100%-ийн шинэчлэл нь олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэсэн санал гомдол ирсний үндсэн дээр 65%-ийн шинэчлэлийг авч үлдээд 35%-ийг өөрчилж байгаа юм.
Үндсэн зургаан чиглэл буюу гол ачаалал авдаг чиглэл, хот орчмын 15, дунд оврын автобусны таван чиглэлийн шинэчлэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.
imap аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Уг нь нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхацдаг байдлыг арилгахаар автобусны чиглэлийн өөрчлөлтүүдийг хийж байгаа юм” гэв.
Шинэ чиглэл туршиж эхэлснээс хойш нийтийн тээврийн салбарын инженер, мэргэжилтнүүд гэртээ харилгүй ажиллаж байна. Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна. Нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээлсэн албаныхны ар гэрт нь дайралт ирж байгаа мэдээлэл бидэнд ирсэн.