Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг болох Парисын Их дуулга өндөрлөв. Нийт таван тивийн 107 улсын 621 тамирчин өрсөлдсөн байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй найм, эмэгтэй арав гээд нийт 18 тамирчин оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг дийлжээ.
Монголын шигшээ багт ерөнхийдөө жин бүрийн шилдгүүд явсан харагдана. Тухайлбал, Э.Ариунболд, Ё.Басхүү, Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн гээд медалийн тааварт явдаг жүдочид багтжээ. Гэтэл бөхийн орон гэгддэг Монголд нэг хүрэл медаль гэдэг бол чамлахаар үзүүлэлт билээ.
Дэлхийн аварга, олимпийн өмнө сургамж болсон, дүгнэлт хийх боломж олгосон тэмцээн боллоо. Одоо гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээж, илүү хүчтэй ирэх тэмцээнүүддээ оролцох хэрэгтэй гэж жүдо сонирхогчид ярьж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард Улаанбаатарт болсон Их дуулгаас л Монголын баг хоёр алтан медаль хүртжээ. Түүнээс хойш өдийг хүртэл IJF-ийн зохион байгуулсан ямар ч Их дуулга, Гран При тэмцээнээс Монголын баг алтан медаль хүртээгүй явна.
Он гарснаас хойш нийт олон улсын хоёр тэмцээнд оролцохдоо гурван хүрэл медаль хүртээд байна.
Багийн дүнгээр тэргүүлсэн Францын шигшээ үндсэн бүрэлдэхүүнээ, залуустайгаа нийлүүлж эзэн орны давуу эрхээ ашигласан бол тэдний араас удаалсан Япон жингийнхээ голцуу хоёр, гуравдугаар тамирчдыг илгээжээ.
Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 16-ны өдөр Бакуд эхлэх Их дуулгад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Б.Сүхбат л оролцоно.
Гуравдугаар сарын 1-нээс эхлэх Ташкентын Их дуулгаас эхлэн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээ оролцох биз. Жүдо бөхийн ДАШТ тавдугаар сарын 19-нд Абу Дабид эхэлнэ. Үүнээс өмнө Монголын тамирчид формоо олж, олимпийн наадамд медалийн төлөө өрсөлдөх чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй байна.