Улсын онцгой комиссын хуралдаанаар хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа аймаг, сумдад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцсэн. Энэ үеэр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах үүргийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Орон нутгийн сургуулийн нөхцөл байдлын талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад, “Орон нутгийн сургуулиуд хэвийн хичээллэж байгаа. Одоогийн байдлаар цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаар зам даваа хаагдсан, отроор нүүдэллэж яваа малчин өрхийн 5185 хүүхэд гэрээр бие даасан хэлбэрээр хичээллэж байна. Хэрвээ сурагчдын хаврын амралтад өөрчлөлт оруулахаар бол Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холбогдох судалгааг хийж, салбар яаманд танилцуулна. Ингэснээр хот, орон нутгийн сурагчдын амралтыг адилхан зохицуулалт оруулах уу, гамшиг болсон аймаг, сумдын сургуулийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулах уу гэдэг асуудлыг хэлэлцэнэ” гэв.
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж нэг хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.