Ирэх гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах гэж байгаа.
Одоогийн ерөнхийлөгч Владимир Путин тав дахь удаагаа сонгогдох нь бараг тодорхой энэ сонгуульд Украины дайныг зогсоох зорилготой ганцхан нэр дэвшигч байгаа нь Борис Надеждин юм.
Надеждин албан ёсоор нэр дэвшигчдийн жагсаалтад орохын тулд 100,000 дэмжигчийн гарын үсэг цуглуулж, Оросын Сонгуулийн Төв Хороонд өгөх ёстой.
Харин Сонгуулийн Төв Хороо өчигдөр Надеждиний ирүүлсэн материалаас алдаа илрүүлснээ зарлажээ.
Тухайлбал дэмжигчдийн дотор “нас барсан хүмүүс” байгааг илрүүлсэн гэнэ.
“Ирүүлсэн материалаас гайхмаар алдаанууд илрүүллээ. Нас барсан олон арван хүний гарын үсэг жагсаалтад байна. Үүнийг хараад гарын үсэг цуглуулсан хүмүүсийн ёс зүйн цэвэр ариун байдалд эргэлзэхэд хүрч байна. Нэр дэвшигч өөрөө үүнд ямар нэг хэмжээгээр оролцоотой гэж бодож байна” гэж сонгуулийн хорооны дэд дарга Николай Булаев өчигдөр ТАСС агентлагт ярьжээ.
Борис Надеждин өмнө нь Путиний дотоод улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Сергей Кириенкогийн туслахаар ажиллаж байсан юм.
Тиймээс зарим ажиглагчид түүнийг “дайны эсрэг үзэл дэмжигдэхгүй байгааг” харуулах зорилгоор Путиний зохион байгуулсан ажиллагааны нэг хэсэг байж болзошгүй хэмээн хардаж байна.
Гэхдээ Надеждинийг шоронд хоригдож буй сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйгаас эхлээд дайнд явсан эрх нөхрүүдээ нэхэж буй эмэгтэйчүүд, цэрэг татлагаас зугтаж гадаадад гарсан иргэд зэрэг олон мянган хүн дэмжиж байгаа.
Левада Төв хараат бус судалгааны байгууллага түүнийг хамгийн дээд тал нь 4 хувийн санал авах төлөвтэй байгааг энэ долоо хоногт мэдээлсэн.
Надеждин мөрийн хөтөлбөртөө Путинийг “цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээрээ ноцтой алдаа гаргасан” гэж шүүмжлээд “Путин дэлхийг өнгөрсөн үеэс харж, Оросыг өнгөрсөн үе рүү чирч байна” гэж мэдэгдэж байжээ.
Дайныг ил тод эсэргүүцдэг өөр нэг нэр дэвшигч байсан нь Екатерина Дунцова юм. ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо түүний материалаас олон алдаа (бүр үг үсгийн алдаа) илэрсэн гэх үндэслэлээр мөн нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан.
Дунцова өөрийн дэмжигчдэд Надеждинийг дэмжихийг уриалаад байгаа.
Хэдийгээр Надеждиний түүх намтар эргэлзээтэй ч Украины дайныг эсэргүүцэгчдэд түүнээс өөр сонголт одоогоор байхгүй байна.
Эх сурвалж: The Guardian