ОХУ-ын сөрөг хүчний идэвхтэн Владимир Кара-Мурза Жр Сибирийн шоронд хоригдож байсан. 25 жилийн ял эдэлж буй Кара-Мурза шоронгоос алга болсныг түүний дэмжигчид Даваа гаригт мэдэгдлээ. Кара-Мурзаг дэмжигч идэвхтэн, сэтгүүлч Александр Подрабинек түүн рүү захиа бичсэн боловч “тэр энд байхаа больсон” гэсэн хариу хүлээж авчээ. Мөн түүнтэй уулзахаар очсон хуульч ч ижил хариу сонссон байна.
Эхнэр Евгениа Кара-Мурза нь хэлэхдээ “Түүнийг шилжүүлсэн гэх газар ч алга. Миний нөхөр 2015, 2017 онд хоёр ч удаа амийг нь хөнөөх оролдлого хийсэн хүмүүсийн гарт орсон гэж бодогдоод улам аймшигтай байна. Нөхрийг минь хаана байгааг хэлэхийг Оросын засгийн газраас шаардаж байна” гэв.
Дээр дурдсанчлан, Кара-Мурзаг хордуулах оролдлого өмнө нь хоёр ч удаа гарч байсан. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэнийх нь төлөө түүнд тулгасан ялыг эсэргүүцээд, уг хэргийг ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталины үеийн шоу шүүх хуралтай зүйрлэсэн байна.
Кара-Мурза 2022 онд баривчлагдаад сүүлд нь 25 жилийн ял сонссон. Тухайн жил Аризонагийн шүүх танхимд Украин дахь Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн үг хэлснийхээ төлөө Кара-Мурза ийн ял авчээ.
Оросын шорон хоорондын солилцоо маш нууц байдаг. Тиймээс хоригдлууд хэдэн долоо хоногоор ч сураггүй болох нь бий. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ч бас арванхоёрдугаар сард сураггүй болсны эцэст Арктикийн шоронд шилжсэн байсан.
Эх сурвалж: AP