Бараг гурван долоо хоног сураггүй байсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный хаана байгааг түүний хамтрагчид өчигдөр мэдээлжээ.
Эрх баригчид түүнийг Умард туйлын цагариг дотор байрладаг шоронд шилжүүлсэн нь тодорхой болсон байна.
Путиний улс төрийн өрсөлдөгчид дундаас хамгийн алдартай нь гэгддэг Навальный экстремист үйл ажиллагаа явуулсан хэргээр 19 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Тэрбээр нийслэл Москва хотоос зүүн зүгт 230 км зайтай оршдог Владимир мужийн шоронд хоригдож байгаад энэ сарын эхээр сураггүй болж байв.
Тэгвэл Навальный одоо Москагаас зүүн хойд зүгт 1,900 км зайтай оршдог Ямало-Ненецкийн автономит тойргийн Харп хотын засан хүмүүжүүлэх төвд хоригдож байгаа юм байна.
Энэ газар урт үргэлжилдэг, хатуу ширүүн өвлийн улирлаараа алдартай бөгөөд Зөвлөлтийн үеийн Гулаг шоронгийн системийн хамгийн хүнд нөхцөлтэй хорих газруудын нэгд тооцогддог байжээ.
“Тэнд очих бараг боломжгүй, тэр ч байтугай захиа илгээх ч бараг боломжгүй. Дэлхийгээс тусгаарлах хамгийн өндөр боломжтой газар энэ юм” гэж Навальныйн хамтран зүтгэгч Леонид Волков сошиал хуудсандаа бичсэн байна.
Түүнийг ингэж гадаад ертөнцөөс тусгаарласан нь 2024 оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэл ажил гэж Навальныйн талынхан үзэж байгаа аж.
Энэ сонгуульд одоогийн ерөнхийлөгч Путин ялах нь гарцаагүй болсон.
Химийн бодист хордсоныхоо дараа Германд эмчлүүлсэн Навальный 2021 оны нэгдүгээр сард Москвад буцаж очоод баривчлагдаж байв.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Оросын шүүхээс гурван удаа хорих ял сонссон юм.
Эх сурвалж: Associated Press