Украины Үндэсний гвардийн цэрэг Серхий дайны хамгийн эхний өдөр оросуудад олзлогджээ. Орос цэргүүд гуравдугаар сарын сүүлээр Чернобыль болон Киевийн бусад нутгаас ухрахдаа Серхий зэрэг 167 олзлогдогчийг авч явсан байна. Үүнээс хойш Серхий сураггүй байсан ч зургаан сар гаруйн дараа “Би амьд, бүх зүйл хэвийн байна” гэсэн захиа гэртээ хүргүүлжээ.
Киев болон Украины бусад хотод гэр бүлийнхэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Гэвч Серхийн эхнэр Валентина Ткаченко энэ жагсаалд оролцоогүй.
Түүнчлэн Украины зүүн хэсгийн Харьков мужийн иргэн 22 настай Анастасия Бугера найз залуутайгаа өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш огт холбогдож чадаагүй. Түүний найз залуу 24 настай Костянтын Иванов Орост эзлэгдсэн Изюм хотод байжээ. Изюм хотыг украинчууд 2022 оны есдүгээр сард чөлөөлсөн билээ.
Хоёр улсын хооронд нийт 48 удаа хоригдол солилцоо хийсэн. Энэ солилцоогоор 2598 хүн Оросоос Украинд буцаж иржээ. Хамгийн сүүлд наймдугаар сарын 7-нд томоохон солилцоо хийсэн байна. Үүнээс хойш ОХУ-аас шалтгаалаад хоригдол солилцоо удааширсан гэж Зеленский мэдэгдсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын шалтгаан юу бол? ОХУ-ын эрх баригчид олзны цэргүүдээр улс төр хийж байна.
Олзны цэрэг солилцоо ийн идэвхгүй байгаа нь Украины нийгэмд хурцадмал байдал өдөөх зорилготой, санаатай үйлдэл гэж үзэж байна. Сөрөг довтолгоо төдийлөн амжилттай болоогүй, АНУ-ын тусламж гацаад байгаа зэргээс шалтгаалаад Украины нийгэмд хурцадмал байдал хэдийнэ үүсээд буй.
Дайны хоригдлуудыг улс төрийн тоглоомын хэрэгсэл болсон гэж цэргүүдийн ар гэр үзэж байна. “Эхэндээ олзны хүмүүсийг маш идэвхтэй солилцож байсан. Гэтэл гэнэт л зогсчихлоо. Оросууд манай засгийн газрын нэр хүндийг унагахыг хүсэж байна. Ард түмэн туйлдаж байна” гэж Ткаченко гашуунаар хэлжээ.
Олзны цэргүүдийн ар гэрийнхэн хайртай хүнээ хоол тэжээлийн дутагдалд орж, ядарч туйлдсан, шүүгдэж буй бичлэгийг хааяа олж үздэг аж. Орос улс тэдэнтэй шууд харилцах боломжийг хаасаар байна.
Өнөөдрийн байдлаар Орост Украины 3000 гаруй цэрэг, 28 мянга орчим энгийн иргэн байгаа гэх мэдээлэл бий. Гэсэн хэдий ч бодит тоо үүнээс ч их байж магадгүй. Зарим цэргийн хувьд олзлогдсон гэх албан ёсны баталгаа байхгүй учир сураггүй алга болсон гэсэн ангилалд бүртгэлтэй байна.
Украинд ч бас олзны оросууд бий. Украинчууд чухам хэдэн хүн байгааг мэдээлээгүй ч тэднийг байрлуулах хоёр дахь хуаранг лавтайяа барьж байна. Мөн Украины баруун хэсэг дэх тусгай байр, урьдчилан хорих төвийн камерт зарим олзны цэрэг байрлаж байна. Украины сөрөг довтолгооны үеэр олзныхны тоо улам нэмэгджээ.
Украин улс олзныхонтой олон улсын дүрмийн дагуу харьцдаг гэж мэдэгддэг. Гэтэл ОХУ-д байдал эсрэгээрээ байна гэв.
ОХУ-ын Хүний эрхийн комиссар Татьяна Москалькова хэлэхдээ Украины 119 хоригдлыг олон улсын жишигт нийцсэн нөхцөлд хоригдож байна гэжээ. Гэвч Оросоос буцаж ирсэн олзныхноос ярилцлага авахад тэдний 90 гаруй хувь нь эрүү шүүлт амсаж, хоол тэжээлийн дутагдалд орсон, нойргүйдэлд өртсөн байжээ.
Олон улсын Улаан загалмайн хороо дайтагч талуудын олзны хүмүүс дээр тогтмол очдог. Гэсэн хэдий ч нэвтрэх боломж хязгаарлагдмал газар олон байгаа аж. Тус хороо нь олзлогдогсод болон тэдний ойр дотны хүмүүсийн хооронд захиа хүргэх үйлчилгээг үзүүлж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский саяхан хэвлэлийн бага хурал хийхдээ олзны хоригдлуудын солилцоог сэргээх бодлого өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа хэлсэн юм. “Бид олон залуусаа эргүүлэн авчрахаар ажиллаж байна. Бурхан хүсвэл бид амжилтад хүрнэ” гэж тэр хэлжээ.
Хоригдол солилцоо царцсан энэ цаг үед цэргүүд эх нутагтаа буцах цорын ганц арга зам нь командлагчдын хоорондын албан бус солилцоо болж байна. Гэхдээ харамсалтай нь ийм солилцоо улсын түвшинд явагддаг солилцоог яасан ч орлож дөнгөхгүй ажээ.
Эх сурвалж: POLITICO