ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэрэг татлагын кампанит ажил явуулж байна. Цэргийн сургагч нэрээр элсүүлж буй энэ хүмүүсээ Африкт байршуулах зорилготой байгааг Украины Батлан хамгаалахын тагнуулын алба Лхагва гаригт мэдээллээ. Энэхүү кампанит ажил эзлэгдсэн бүс нутаг дундаа Крымд идэвхтэй үргэлжилж байгаа гэнэ.
Цэргийн нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг элсүүлэхийн тулд урт хугацааны, өндөр цалинтай гэрээ санал болгож байна. Хамгийн гол нь Украин дахь дайнд оролцохгүй гэдэг нь бүртгүүлэх чухал хөшүүрэг болж байгаа аж. Гэхдээ Африкт дайчин элсүүлэх хөтөлбөр нэрээр Украины эсрэг дайнд оролцох цэргүүдийг бүрдүүлж байгаа гэж Украины үндэсний эсэргүүцлийн төв өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Нөөцөд бүртгэлтэй хүчийг Африк руу илгээж байгаа нь Оросын нөлөөгөө тэлэх нэг алхам юм.
Түүнчлэн тус улсын эрх баригчид Финландад орогнол хүссэн цагаачдыг тагнуулчаар элсүүлэхийг оролдож байна. Финландын албаныхны мэдээлснээр сүүлийн саруудад 1000 гаруй цагаач тус улсын зүүн хилээр нэвтэрчээ. Энэ хүмүүсийн дунд гэмт хэрэгтнүүд, гэмт хэргийн байгууллагын гишүүд, энгийн иргэний дүрд хувирсан цэргүүд болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй бусад хүн багтсан гэж үзэж байна. Гэвч цагаачид олон байгаа нь тэднийг таних ажлыг хүндрүүлж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Афганистан, Кени, Марокко, Пакистан, Сомали, Сири, Йемен зэрэг орноос 800 гаруй цагаач Оросоор дамжин Финланд руу нэвтэрсэн байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE