Москва хотын шүүх өчигдөр Оросын засгийн газрын сайд асан хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр 12 жилийн хорих ял оноожээ.
Яллагдсан 51 настай Михаил Абызов нь ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн улс төрийн хамтрагч байсан бөгөөд энэ хэлхээ холбоогоо ашиглан 2012-2018 онуудад ОХУ-ын засгийн газарт иргэний нийгэмтэй харилцах асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.
2014 онд тэр 282 сая рублийн (2019 оны ханшаар $6 сая) жилийн орлогоороо Оросын засгийн газрын хамгийн баян гишүүнээр тодорч байжээ.
Сүүлд Итали, АНУ-ын хооронд амьдарч байсан Абызовыг 2019 онд Москвад ирээд буцах үеэр нисэх онгоцны буудал дээр Холбооны Аюулаас Хамгаалах Албаныхан саатуулж байв.
Түүнийг 2011-2014 оны хооронд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгуулж, эрчим хүчний компаниудаас 4 тэрбум гаруй рубль (2019 оны ханшаар $60 сая) завшсан хэрэгт буруутгажээ.
Абызов шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхээ шийдээгүй байгааг түүний өмгөөлөгчдийн нэг Артур Большаков мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалж: AFP